Шууд Chart

Осолдсон "Севоль" гатлага онгоцыг гарган авах ажиллагаа эхэллээ

2016-06-13 15:29:55

Хоёр жилийн өмнө БНСУ-ын өмнөд эрэгт живсэн "Севоль" гатлага онгоцыг тэнгисийн гүнээс гарган авах ажиллагаа эхэллээ. 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өглөө "Севоль" гатлага онгоц Инчон хотоос Чежү арлыг чиглэн явах замдаа живж, тус онгоцонд явсан 476 хүнээс 304 нь амь үрэгдсэн. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь Чежү арал руу аялахаар явж байсан ахлах сургуулийн сурагчид байсан юм. Дээрх ослын дараа хохирогчдын гэр бүл сөнөсөн гатлага онгоцыг тэнгисийн ёроолоос гарган авах хүсэлт удаа дараа гаргаж байжээ.

Гэвч Өмнөд Солонгосын Засгийн газрын зүгээс ажиллагааны аюулгүй байдлыг хангахын тулд техникийн саад бэрхшээлүүдийг эхлээд шийдвэрлэх шаардлагатай гэж үзэн, Севолийг гарган авах асуудлыг хойшлуулсаар өнөөг хүрсэн юм. Тэгвэл өчигдөр Өмнөд Солонгосын Далай, загас агнуурын яам "Севоль" онгоцыг тэнгисийн ёроолоос гарган авах ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна. Тэнгисийн 44 метр гүн ёроолд байгаа тус гатлага онгоцыг гарган авахад кран ашиглаж байгаа юм.

Холбогдох албаныхны мэдээлснээр "Севоль" онгоцыг ирэх сарын эцэс гэхэд тэнгисийн уснаас гаргасан байхаар төлөвлөж буй юм байна. Гэхдээ тэнгисийн давалгаа хүчтэй байгаа, мөн далайн ёроолд 2 жил гаруй байсан "Севоль" гатлага онгоцны их бие элэгдэж муудсан байгаагаас үүдэн тус хөлгийг гарган авах ажиллагаанд хүндрэл учирч болзошгүй байгааг албаныхан хэлж байна.

Өмнөд Солонгост шуугиан дэгдээж, тус улсын Засгийн газрын эсрэг ширүүн шүүмжлэл дагуулсан "Севоль" гатлага онгоцны ослын шалтгааныг Засгийн газар, хувийн хэвшлийн хараат бус шинжээчид хамтран шалгаж байгаа юм. Шинжээчдийн баг энэ сард мөрдлөг шалгалтаа эцэслэж, ирэх 3 сарын дотор нэгдсэн дүгнэлтээ гаргах юм. Харин хохирогчдын ар гэрийнхэн "Севоль" гатлага онгоцыг тэнгисээс гаргасны дараа шинжээчид эцэслэсэн дүгнэлтээ хийх хэрэгтэй гэж үзэж байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Осолдсон "Севоль" гатлага онгоцыг гарган авах ажиллагаа эхэллээ  
Үзсэн: 2035 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй