Шууд Chart

Хүнсний хомсдолоос үүдэн улс төрийн тогтворгүй байдал даамжирч байна

2016-06-14 10:25:18

Венесуэл улсад хүнсний хомсдлоос үүдэн улс төрийн тогтворгүй байдал улам даамжирч байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр тус улсын нийслэл Каракас хотын нэгэн дүүрэгт иргэд дэлгүүр тонохоор оролдсоныг цагдаа нарын нэмэлт хүч ирж зогсоожээ. Венесуэлийн иргэд хүнсний хомсдолтой холбоотойгоор өдөр бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахын тулд дэлгүүрийн үүдэнд олон цагаар урт дараалалд зогсох шаардлагат улгарч байгаа юм.

Харин ийнхүү дараалж байсан хүмүүс дэлгүүр дэх бараа бүтээгдэхүүн дууссан гэх мэдээг сонсоод эсэргүүцлээ илэрхийлж, үймээн дэгдээжээ. Венесуэл улс ийнхүү улс төр, эдийн засгийн хямралд улам бүр нэрвэгдэж байгаа энэ үеэр сөрөг хүчний намууд эвсэж, ерөнхийлөгч Николас Мадурог огцруулах уриалгаа эрчимжүүлж байна. Тэд өнгөрсөн өдрүүдэд болсон үймээний дараа хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Мадурогийн засгийн газрыг ард түмнээ хоол хүнсээр хангаж чадахгүй байгааг эрс шүүмжилжээ.

Венесуэл улс цагтаа Өмнөд Америкийн хамгийн баян чинээлэг улсад зүй ёсоор тооцогддог байсан юм. Гэвч дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ унаж, эдийн засгийн бусад асуудлууд үүссэн нь тус улсыг ийнхүү хямралд оруулах гол шалтгаан болсон байна. Венесуэлд саяхан явуулсан санал асуулгаас үзэхэд, тус улсын ард иргэдийн бараг тэн хагас нь өдөрт гурван удаа хооллож чадахаа байжээ. Харин Мадурогийн засгийн газар энэ явдалд сөрөг хүчний намуудыг буруутгаж, эдийн засгийн дайн зарлаж, Николас Мадурог засгийн эрхнээс түлхэн унагахаар санаархаж байна гэж мэдэгдэж байгаа юм.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Хүнсний хомсдолоос үүдэн улс төрийн тогтворгүй байдал даамжирч байна  
Үзсэн: 1187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй