Австралийн нэгэн эмнэлэг сэтгэцийн эмчилгээнд амьтад, тэр дундаа нохой ашиглах шинэ төсөл хэрэгжүүлж байна. Эмчилгээнд тусгайлан сургасан ноход өвчтөний сэтгэц, сэтгэл хөдлөл, бие махбодын үйл ажиллагаанд эергээр нөлөөлдөг нь тогтоогдсон байдаг. Иймээс Голд Костын их сургуулийн харьяа эмнэлэг болон Робина эмнэлэг сэтгэцийн тасагт эмчилгээний нохой ашиглахаар шийдвэрлэж, орон нутгийн нохдын дунд сонгон шалгаруулалт явуулж эхэлжээ.
Одоогоор шалгаруулалтад 20 гаруй нохой оролцсон байна. Эдгээрээс сонгогдсон нохдыг “Дельта Сосайти” гэх байгууллага эмчилгээний нохой болгон сургах юм. Эмчилгээний нохойг сонгон шалгаруулахад тухайн нохойны үүлдрээс илүү зан араншин, тушаал биелүүлэх чадварыг чухалчилж үздэг байна. Иймээс сонгон шалгаруулалтад нохойн зан аашийг шалгасан сорилууд, мөн чанга дуу чимээнд цочиж, сандрахгүй байх тайван чадварыг шалгадаг байна.
Эдгээр сорилд тэнцсэн грейхаунд үүлдрийн Пикси нэртэй нохой ирэх 7 хоногуудад эмчилгээний нохой болох сургалтад хамрагдана. Сургалтын дараа энэ нохой сэтгэцийн өвчтэй хүмүүсийг тайвшруулж, сатааруулах, сэтгэл зүйн байдлыг нь сайжруулахад туслах юм. Судалгаанаас үзэхэд эмчилгээний ноход өвчтөний сэтгэл санааг тайтгаруулах, стрессийг бууруулах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, хүнтэй харилцах чадварыг сайжруулах зэрэг эерэг нөлөө үзүүлдэг байна.
Сэтгэцийн эмчилгээнд нохой ашиглаж байна | ||
Үзсэн: 1502 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.