Орландо хотын шөнийн цэнгээний газарт гарсан зэвсэгт халдлагыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Өнгөрсөн ням гарагт АНУ-д ижил хүйстнүүдийн шөнийн цэнгээний газарт буутай этгээд халдлага үйлдсэн. Тус халдлагад нийтдээ 49 хүн амь үрэгдсэн бөгөөд амь үрэгдэгсдийн хэн болохыг тогтоож, нэрсийг олон нийтэд ил болгоод байна. Халдлага үйлдсэн этгээд болох Омар Матиныг цагдаа нар буудаж хөнөөсөн юм. Омар Матин өөрийгөө "Исламын улс" бүлэглэлийн гишүүн гэж мэдэгдсэн бол, "Исламын улс" алан хядагч бүлэглэл мөн тус мэдэгдлийг баталгаажуулж, халдлага үйлдсэн хариуцлагыг өөртөө хүлээгээд байсан.
Тэгвэл АНУ-ын цагдаа нарын явуулсан мөрдлөг шалгалтаар Орландо хотын шөнийн цэнгээний газарт гарсан халдлага "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой гэх тодорхой баримт нотолгоо олдоогүй байна. Гэхдээ цагдаа нар энэ хэргийг үргэлжлүүлэн терроризмын гэмт хэрэг хэмээн шалгаж байгаа юм. Флорида муж улсын Орландо хотод гарсан энэхүү зэвсэгт халдлагыг АНУ-ын ойрын түүхэнд, тэр дундаа есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш тохиогоогүй цуст аллага гэж олон улсын хэвлэлүүд тодорхойлж байна.
Халдлагад амь үрэгдэгсдээс гадна 53 хүн шархадсаны дунд 5 хүний биеийн байдал хүнд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, мөн Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болзлыг хангасан Хиллари Клинтон нар дахин энэ мэт халдлага гарахаас сэргийлэхийн тулд галт зэвсгийн хяналтыг чангатгахыг уриаллаа. Харин Бүгд найрамдах намын сунгаанд өрсөлдөгчгүй үлдсэн Дональд Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдсон нөхцөлд Америк, Европын эсрэг үзэлтэй алан хядагчид үйл ажиллагаа явуулдаг орнуудаас АНУ-д цагаач хүлээн авахыг хориглоно гэж мэдэгдсэн байна.
Орландогийн халдлагыг "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой гэх нотолгоо олдоогүй | ||
Үзсэн: 1476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.