Шууд Chart

Цагдаагийн гэр бүлд халдсан этгээд "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой байжээ

2016-06-15 14:44:12

Францын нийслэл Парис хотын ойролцоо хутгаар зэвсэглэсэн этгээд цагдаагийн 2 албан хаагчийн амийг бүрэлгэсэн  сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарлаа. Халдлагыг үйлдсэн этгээд нь Мароккогийн цагаач гэр бүлээс гаралтай, Францад төрж өссөн эдүгээ 25 настай Ларосси Аббалла гэгч болохыг холбогдох албаныхан тогтоогоод байна. Тус этгээд цагдаа хосын амийг бүрэлгэснийхээ дараа 3 настай хүүг нь барьцаалж, улмаар цагдаа нартай гал нээлцэх үеэрээ амь үрэгдсэн юм.

Ларосси Аббалла амь үрэгдэхийнхээ өмнө "Исламын улс" алан хядагч бүлэглэлийн даалгавраар халдлага үйлдсэн гэдгээ мэдэгдсэн дүрс бичлэгийг Фэйсбүүк хуудаснаа нийтэлсэн байна. "Исламын улс" бүлэглэл түүний мэдэгдлийг баталгаажуулж, энэ удаагийн халдлагын хариуцлагыг өөртөө хүлээлээ. Ларосси Аббалла 2013 онд исламын шашны хэт даврагчдыг Пакистан улс руу явахад туслалцаа үзүүлсэн хэрэгт буруутгагдан, хорих ял эдэлж байжээ. Суллагдсаныхаа дараа тэрээр өнөөг хүртэл аюулгүйн албаныхны тогтмол ажиглалтад байсан юм байна.

Францын эрх баригчид энэ удаагийн халдлагыг алан хядах ажиллагаа гэж тодорхойлж байна. Өнгөрсөн 11 дүгээр сард "Исламын улс" бүлэглэл Парис хотноо халдлага үйлдсэнээс хойш одоог хүртэл Франц улсад онц байдлын дэглэм үйлчилж байна. Мөн “Евро-2016” тэмцээний хүрээнд Парис хотын аюулгүй байдлыг эрс чангатгасан ч терроризмын аюул занал буурахгүй байгааг Франсуа Олланд анхаарууллаа.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Цагдаагийн гэр бүлд халдсан этгээд "Исламын улс" бүлэглэлтэй холбоотой байжээ   
Үзсэн: 1408 Mongolian National Broadcaster  

Бидэнтэй нэгдээрэй