АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама галт зэвсгийн хяналтыг чангатгаж, Америкийн иргэдийн эсрэг террорист этгээдүүд халдлага үйлдэх боломжийг бууруулахыг дахин уриаллаа. Өчигдөр тэрээр АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй уулзсаныхаа дараа дээрх уриалгыг гаргасан байна.
Ирэх 11 дүгээр сард зохион байгуулагдах АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвших шалгуурыг хангасан хатагтай Хиллари Клинтон Обаматай адил байр суурьтай байгаагаа илэрхийлсэн бол Бүгд найрамдах намын сунгаанд өрсөлдөгчгүй үлдсэн Дональд Трамп энэ уриалгыг эрс эсэргүүцэж байна.
Ням гарагт Флорида муж улсын Орландо хотын ижил хүйстнүүд үйлчлүүлдэг шөнийн цэнгээний газарт Омар Матин гэх этгээд халдлага үйлдэж, 49 хүний аминд хүрсэн. Тэрээр зохих ёсны зөвшөөрөлтэйгөөр өнгөрсөн 7 хоногт худалдан авсан хагас автомат буу болон гар буугаар зэвсэглэж дээрх цуст халдлагыг зохион байгуулсан юм.
АНУ-д хагас автомат буунд тавьсан хоригийн үйлчлэх хугацаа 2004 оноор дуусгавар болжээ. Харин энэ хоригийг дахин нэвтрүүлэх саналыг Америкийн Конгресс дахь Бүгд найрамдах намын хууль тогтоогчдын үнэмлэхүй олонх нь, түүнчлэн Ардчилсан намаас галт зэвсэг эзэмшихийг дэмждэг хэсэг бүлэг гишүүд эсэргүүцсээр өнөөг хүрсэн билээ.
Галт зэвсгийн хяналтыг чангатгахыг дахин уриаллаа | ||
Үзсэн: 1902 | Mongolian National Broadcaster |