Шууд Chart

Тайванийн ерөнхийлөгч хилийн чанадад анхны албан ёсны айлчлал хийнэ

2016-06-15 14:53:43

Бүрэн эрхээ хүлээн аваад 1 сарын хугацааг үдэж байгаа Тайванийн шинэ ерөнхийлөгч Цай Инвэнь хилийн чанадад анхны албан ёсны айлчлалаа зохион байгуулах гэж байна. Тайванийн гадаад хэргийн яамны мэдэгдлээс үзэхэд Цай Инвэнь энэ сарын 24-нөөс ирэх сарын 2-ны хооронд Латин Америкийн Панам, Парагвай улсуудад айлчлахаар болжээ. Цай Инвэнь Панамд хийх айлчлалынхаа үеэр Панамын сувгийг өргөтгөх ажлын нээлтийн ёслолд оролцох юм.

Та бүхэнд сануулахад, БНХАУ “Нэг улс, хоёр систем” зарчмынхаа хүрээнд Тайвань арлыг тусгаар улс бус, харин харьяа нутаг дэвсгэрийнхээ бүрэлдэхүүн нэгж гэж тооцдог. Үүнтэй холбоотойгоор Тайвань арлын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлыг дэлхийн улс орнуудаас ердөө 22 нь хүлээн зөвшөөрч, тус аралтай дипломат харилцаа тогтоосон байдаг.

Эдгээр 22 улсын дийлэнх нь Төв Америк, Номхон далайн арлын орнууд байгаа юм. Тайванийн ерөнхийлөгч бүрэн эрхээ хүлээн авсны дараах анхны албан ёсны айлчлалынхаа үеэр өөрийн холбоотон орнуудтай харилцаагаа ойртон нягтруулахыг зорьж байна. Түүнчлэн Цай Инвэнь айлчлалынхаа завсар АНУ-ын Майами, Лос Анжелес хотуудад хүрэлцэн очихоор болжээ. Гэхдээ эдгээр хотод Цай Инвэнь ямар төлөвлөгөөтэй явааг Тайванийн гадаад хэргийн яам тодруулсангүй. Энэ мэдэгдлийн дараа Хятадын гадаад хэргийн яам “Нэг улс, хоёр систем” зарчмыг дагана гэсэн амлалтаа биелүүлэхийг АНУ-ын засаг захиргаанаас шаардсан байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Тайванийн ерөнхийлөгч хилийн чанадад анхны албан ёсны айлчлал хийнэ  
Үзсэн: 1711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй