Фукушима Дайичи цөмийн цахилгаан станцад гарсан осол, түүний хор уршгийн талаар шударга, үнэн бодитой тайлбар хийхийг БНХАУ Японы засгийн газраас хүслээ. Хятадын гадаад хэргийн яамы хэвлэлийн төлөөлөгч Лу Кан өчигдөр хэвлэлийн бага хурал хийх үеэрээ энэ хүсэлтийг гаргасан байна.
Энэ сарын 12, 14-нд Японы засгийн газар цацраг идэвхт бодист их хэмжээгээр бохирдсон 2 тосгоны хөл хориог цуцалж, тосгоны оршин суугчдыг орон гэртээ буцах зөвшөөрөл олгоод байгаа юм. Үүнтэй холбогдуулан Хятадын засгийн газраас дээрх мэдэгдлийг гаргаж, Фукушима дахь цацраг идэвхт бохирдлын талаар шинэ мэдээллийг цаг тухайд нь олон улсад уламжилж, далайн амьд байгалийг цацраг идэвхт бодисын бохирдлоос хамгаалах боломжит бүх арга алхмыг хэрэгжүүлэхийг Япон улсад уриалсан байна.
Мөн Хятад улсын зүгээс Фукушимагийн гамшгийн хор нөлөө зөвхөн Япон улсын нутаг дэвсгэрээр хязгаарлагдахгүй, хөрш орнуудынх нь байгаль орчин, экологи, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх аюултайг Хятадын гадаад хэргийн яам анхаарууллаа. Хятад улсын иргэд Япон руу аялж жуулчлах нь жил ирэх бүр нэмэгдэж, хоёр орны худалдааны эргэлт ч нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм.
Гэхдээ Хятадын гадаад хэргийн яам 2011 онд Фукушима Дайичи атомын цахилгаан станцад осол гарсны дараа тус улсын зарим бүс нутагт аялж жуулчлахгүй байх сэрэмжлүүлэг гаргасан нь өнөөг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэдгийг Лу Кан мэдэгдлээ.
Фукушимагийн цөмийн гамшгийн талаар үнэн бодитой мэдээлэл өгөхийг хүсэв | ||
Үзсэн: 2106 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.