Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Орландо хотод ижил хүйстнүүд үйлчлүүлдэг шөнийн цэнгээний газарт халдлага гарч, 49 хүн амь үрэгдсэн эмгэнэлт явдал тохиосон. Үүний дараа АНУ төдийгүй бусад улс орон ижил хүйстэн, трансжендер хүмүүсийн эрхийн төлөө нэгдэн зогсож, Орландогийн халдлагад амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүлж байна. Ижил хүйстэн, бисекс, трансжендер хүмүүсийн эрхийн төлөө тэмцэгчид солонгын долоон өнгийн далбааг гол бэлгэдлээ болгодог.
Иймээс Францын нийслэл Парис хотын Эйфелийн цамхгийг Орландогийн халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалд зориулж солонгын долоон өнгөөр гэрэлтүүлсэн байна. Мөн Парис хотын төв захиргааны барилгад Америкийн төрийн далбаа, мөн солонгын өнгөт далбаа барьсан хүмүүс цуглаж, амь үрэгдэгсдийн араас гашуудаж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлжээ.
Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Орландо хотын шөнийн цэнгээний газарт гарсан халдлагыг хүний эрх, эрх чөлөөг шахан боогдуулах гэсэн гэмт үйлдэл хэмээн эрс буруушаасан байна. Франц улсын нийслэл Парис хот өнгөрсөн оны 11 дүгээр сард мөн л цуврал халдлагын золиос болсон юм. 130 хүн амь үрэгдсэн эдгээр халдлагын дараагаас өнөөг хүртэл Франц улсад онц байдлын дэглэм үйлчилсэн хэвээр байна.
Орландогийн халдлагад амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэлээ | ||
Үзсэн: 1679 | Mongolian National Broadcaster |