Францад хөдөлмөрийн хууль тогтоомжид шинэчлэл хийхийг эсэргүүцсэн жагсаал үргэлжилж байна. Өчигдөр тус улсын нийслэл Парис хотноо болсон жагсаалын үеэр үймээн дэгдэж, улмаар 40 орчим хүн гэмтэж бэртсэн байна. Эдгээрийн дотор цагдаагийн 29 албан хаагч байгааг холбогдох албаныхан мэдээллээ. Мөн 58 жагсагч эмх замбараагүй байдал өдөөсөн хэргээр баривчлагджээ. Өчигдөр Францын парламентын доод танхимд тус улсын хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн байна.
Үүнтэй холбогдуулан Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн 75 мянга гаруй жагсагч нийслэл хотдоо цуглаж, өргөн хэмжээтэй жагсаал зохион байгуулах үеэр ийнхүү үймээн самуун дэгджээ. Парисын алдарт Эйфелийн цамхгийн ажилчид мөн өдөр ажил хаяснаас тус цамхаг зочид, жуулчид хүлээн авах боломжгүй болсон байна. Та бүхэнд сануулахад, Францад ажилгүйдлийн түвшин 10 хувьд хүрсэн нь тус улсын эрх баригчдын санааг зовоосон гол асуудал болсон.
Иймээс ажилгүйдлийг бууруулахын тулд Хөдөлмөрийн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэж Францын засгийн газар үзэж байгаа юм. Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлд ажилтан хөлслөх, халах нөхцөлийг хөнгөвчилж, ажлын цагийг уртасгах боломжийг нээж байгаа. Үүнийг эсэргүүцсэн оюутан залуучууд, мөн хэд хэдэн салбарын үйлдвэрчний эвлэл олон долоо хоног үргэлжилж байгаа ажил хаялт, жагсаал цуглаанд нэгдсэн. Францын галт тэрэг, таксины жолооч нар ажил хаяснаар тус улсын нийтийн тээврийн үйлчилгээ доголдоод байна. Мөн Эйр Франс компанийн нисгэгчид ажил хаяснаас үүдэн тус компанийн нислэгүүдийн 20 хувь нь цуцлагджээ.
Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлтийг эсэргүүцсэн үймээн дэгджээ | ||
Үзсэн: 1952 | Mongolian National Broadcaster |