Шууд Chart

Тээврийн хэрэгслийн шинэ төрөл буюу нисдэг тавцан бүтээжээ

2016-06-16 08:53:28

АНУ-д 1985 онд дэлгэцнээ гарч байсан “Ирээдүй рүү буцсан нь” кино өнөө үеийн олон шинэлэг нээлтийг амжилттай таамагласан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл тус кинон дээр гардаг нисдэг тавцан буюу ховербордыг Канадын инженер Каталин Александру Дуру бодит амьдрал дээр зохион бүтээхээр ажиллаж байна Тэрээр өөрийн бүтээсэн нисдэг хавтангаар өнгөрсөн онд туршилтын нислэг үйлдсэн.

Энэ үед Александру Дуру 5 метр өндөрт хөөрч, ердөө 1,5 минутын хугацаанд 275,9 метр зам туулснаар нисдэг тавцангаар хамгийн хол зайг туулсан Гиннесийн дээд амжилтын эзэн болсон юм. Александру Дуру нисдэг тавцангийнхаа анхны хувилбарыг загварчилж, зохион бүтээхэд 12 сарын хугацаа зарцуулсан байна. Түүний нисдэг тавцан 30 гаруй кг жинтэй ч 70 хүртэлх килограм жинтэй хүнийг тээвэрлэх хүчин чадалтай гэдгээрээ онцлог юм.

Энэхүү шинэ тээврийн хэрэгслийн бүтцийг зохион бүтээгч нь дараах байдлаар тайлбарлаж байгаа. Нэн тэргүүнд нисдэг тавцангийн хүрээг нүүрстөрөгчийн бэхжүүлсэн полимер материалаар хийж, дор нь 9 сэнс суурилуулсан байна. Сэнсийг хөдөлгөгч моторууд 40 морины хүч бүхий 12 ширхэг литийн полимер батерейгаар тэжээгддэг юм. Энэхүү нисдэг тавцанг бахь мэт хоёр багажаар удирдаж, нисэх өндөр, хурдыг тохируулдаг байна. Харин нислэгийн чиглэлийг биеийн хөдөлгөөнөөр өөрчилж болох юм.

Энэ нисдэг тавцан одоо туршилтын шатандаа яваа учраас хамгийн удаандаа 1,5 минутын нислэг үйлдэх хүчин чадалтай байна. Гэхдээ Александру Дуругийн төслийг өсөх ирээдүйтэй гэж үзэж, Канадын засгийн газраас санхүүжилт олгоод байгаа юм. Цаашид Александру Гуру шинэхэн бүтээлээ улам боловсронгуй болгож, нэг л өдөр зах зээл дээр худалдаалах боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Тээврийн хэрэгслийн шинэ төрөл буюу нисдэг тавцан бүтээжээ  
Үзсэн: 1641 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй