Шууд Chart

Эртний түүхтэй Петра хотоос аварга том чулуун тавцан олджээ

2016-06-16 09:02:54

Йорданы өмнөд хэсэгт оршдог Петра хотоос эрдэмтэд түүхэн чухал олдвор илрүүлсэн гэдгээ зарлалаа. Хоёр мянган жилийн түүх, археологийн өвийг агуулсан тус хотод эрдэмтэд хиймэл дагуул, дроноор ажиглалт явуулсан байна. Эдгээр ажиглалтын дүнд элсэнд булаатай хадгалагдаж байсан аварга том чулуун тавцанг илрүүлжээ. МЭӨ 300 оны үед нүүдэлчин арабуудын байгуулсан тус хот худалдааны гол бүс нутаг байсан гэгддэг.

Хад нүхлэн барьсан барилга, төрөл бүрийн хөшөө байгууламж зэрэг эртний ховор олдвор элбэгтэй учраас Петро хотод эрдэмтдийн судалгаа хайгуул эрчимтэй өрнөдөг. 1980-аад онд Индиана Жонс киноны дүрс бичлэгийг Петра хотод хийснээр тус хотын нэр дэлхий даяар алдаршсан юм. Үүнээс хойш Петра хот Йорданы жуулчид хамгийн их зочилдог бүс нутагт тооцогддог юм. Америкийн хилийн чанад дахь судалгааны төв тус хотод эрэл хайгуул хийж, мэргэжлийн сагсан бөмбөгийн талбайг 6 нийлүүлсэнтэй тэнцүү буюу 56 метр урт, 49 метр өргөнтэй чулуун тавцанг илрүүлсэн байна.

Жуулчдын ашигладаг зам, томоохон хөшөө дурсгалуудаас хол байсан учраас энэ тавцан өнөөг хүртэл нууцлагдмал байдлаа хадгалж байжээ. Харин хиймэл дагуулын зургаас аварга том чулуун тавцангийн хүрээг эрдэмтэд ажиглаж, улмаар шинэ нээлт хийснээ олон улсад зарласан байна. Энэ чулуун тавцан МЭӨ 2 дугаар зууны дунд үед баригдсан гэж эрдэмтэд таамаглаж байна. Өмнө нь Петра хотоос ийм төрлийн олдвор олдож байгаагүй. Иймээс чулуун тавцанг юунд ашигладаг байсан нь одоогоор тодорхойгүй байна. Хавтангийн зориулалтыг тодруулахын тулд малтлага хийх шаардлагтай. Гэхдээ Америкийн эрдэмтэд малтлага эхлүүлэх төлөвлөгөө хараахан гаргаагүй байна. Мөн эрдэмтэд тавцанг бүхэлд нь ил гаргах зорилгогүй байгаа гэдгээ олон нийтэд мэдээллээ.

Нийтэлсэн: Э.Энхрэл

Эртний түүхтэй Петра хотоос аварга том чулуун тавцан олджээ  
Үзсэн: 2508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй