Иракийн засгийн газрын цэргүүд Исламын улс алан хядагч бүлэглэлийн гол түшиц цэг болох Фаллужа хотыг бүслэлтэд оруулж, хотын оршин суугчдад аюулгүй замаар дүрвэн гарах боломж олгоод байна. Гэвч эдгээр иргэд олон сар эм тариа, эмнэлгийн тусламж үйлчилгээгүй байсны зэрэгцээ цэвэр усны нөөц муутай бүс нутгийг зорьж байгааг “Хил хязгааргүй эмч нар” олон улсын байгууллага анхааруулж байна.
Тус байгууллагын эмч мэргэжилтнүүд Фаллужа хотыг орхин гарсан 20 мянга орчим энгийн иргэнд эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Эдгээр эмч мэргэжилтний ярианаас үзэхэд Фаллужа хотын дүрвэгчид орогнох газар, ундны цэвэр усаар гачигдаж байна. Хэрэв эдгээр асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол төрөл бүрийн халдварт өвчин, тэр дундаа булчин задрах тахал гарах аюултайг “Хил хязгааргүй эмч нар” байгууллага анхаарууллаа.
Өнгөрсөн онд Ирак улсад булчин задрах тахал дэгдэж, 2,800 орчим хүн энэ өвчнөөр халдварлаж байсан юм. Үүнээс гадна Фаллужа хотын дүрвэгчид дунд даралт ихтэй, чихрийн шижин болон бусад архаг хууч өвчтэй бөгөөд хот Исламын улс бүлэглэлийн хяналтад байх 2 жил гаруйн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй хүн олон байна. Эдгээр хүмүүст зориулан “Хил хязгааргүй эмч нар” байгууллага хөдөлгөөнт эмнэлэг ажиллуулж, хотоос дүрвэсэн хүмүүст нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэхээр ажиллаж байна.
Дүрвэгчид орогнох газар, ундны усаар гачигдаж байна | ||
Үзсэн: 1638 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.