БНХАУ-ын зүүн бүсэд оршдог Жянсу мужид хүчтэй хар салхи шуурч, мөндөртэй аадар бороо орсон байна. Хар шуурганы улмаас Жянсу мужийн олон хэсэгт дэд бүтцэд эвдрэл гарч, модод үндсээрээ булгарснаас гадна, айл өрхүүдийн орон сууц нурж сүйджээ. Эдгээр гамшигт үзэгдлийн улмаас 78 хүн амь үрэгдэж, 500 орчим хүн гэмтэж бэртсэн талаар Хятадын төрийн мэдлийн төв телевиз мэдээллээ. Гэмтсэн хүмүүсийн 40 орчим хувийнх нь биеийн байдал хүнд байгаа юм байна.
Энэ хооронд нурангид дарагдсан хүмүүсийг эрж хайх, аврах ажиллагаа Жянсу мужид үргэлжилж байгаа юм. Цаашид амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэдгийг холбогдох албаныхан анхааруулж байна. Өнгөрсөн өдрүүдэд Хятадын олон бүс нутагт ширүүн аадар бороо үргэлжлэн орж байна. Энэ 7 хоногийн эхээр тус улсын өмнөд хэсэгт нүүрлэсэн үерийн гамшигт 22 хүн амь үрэгдэж, 200 мянга гаруй хүн шүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хамрагдаад байна. Эдгээр гамшигт үзэгдэл Эль Ниньо халуун урсгалын нөлөөллөөс улбаатай гэж шинжээчид тайлбарлаж байна. Хятад улсад үерийн улмаас нийт 410 сая америк долларын хор хохирол учирсан гэх тооцоо гарчээ.
Жянсу мужид хар салхины улмаас 78 хүн амиа алджээ | ||
Үзсэн: 2038 | Mongolian National Broadcaster |