Шууд Chart

Бүрэн шаталттай зуухаа 14-20 хоногийн дараа хүлээж авна

2013-10-11 12:59:48

Нийслэлийн хэмжээнд энэ жил 45 мянган айл өрхийг бүрэн шаталттай зуухаар хангана гэж төлөвлөж байна. Нийслэлийн ЗДТГ, Агаарын чанарын алба, “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлж буй энхэүү төслийн хүрээнд иргэд бүрэн шаталттай зуухаа 93 хувийн  хөнгөлөлттэйгээр авч байна.

Одоогоор нийлэлийн долоон дүүрэгт уг төсөл хэрэгжиж байна. Бид БЗД-ийн 21-р хороод байрлаж буй гэр цэг дээр очиж төслийн явцаас сурвалжиллаа.

Цэвэр агаар сангийн менежер З.Баатархүү: Өдөрт 50-60 хүн үйлчилгээ авч байна
 
- Танай гэр цэг хэдийнээс ажиллаж эхлээд байна?
- 10 сарын 3-наас эхлэн ажиллаж эхэлснээс хойш иргэдийн хөл тасрахгүй, хөл хөдөлгөөн ихтэй байна.  Энэ гэр цэг маань БЗД-ийн 2,21,27-р хорооны иргэдэд үйлчилгээ үзүүлэх юм. Манай БЗД-ийн хувьд энэ жилийн байдлаар албан ёсны оршин суух хаягтай иргэдийн 29 хувь нь буюу ойролцоогоор 14 мянган айл өрх бүрэн шаталттай зуухыг авч чадаагүй байгаа. Бусад дүүргүүдтэй харьцуулахад дээрх тоо нэлээд өндөр байгаа л даа. Тийм ч учраас энэ төслийн ажил 2014 оны 1 сарын 4-ний өдөр хүртэл үргэлжлэхээр төлөвлөгдсөн. Дүүргийн хэмжээнд нийт таван цэг ажиллаж байна.
 
- Танай цэг дээр хичнээн төрлийн зуух борлуулагдаж байна?
- Яг одоогоор 4 төрлийн зуух борлуулагдаж байгаа. Хэд хоногоос өөр хоёр загвар ирнэ. Үнийн хувьд 29-53 мянган төгрөгөөр борлуулагдаж байна. Хэлбэр хэмжээ нь л өөр болохоос шатах горим, түлэх заавар гээд бүх зүйлс нь  чанарын хувьд ижил. Энэ жилийн гэр цэгээр борлуулагдаж байгаа зуухнууд 60м2 талбайг халаах хүчин чадалтай. Харин 70 м2 ба түүнээс дээш талбайтай байшинтай иргэд дүүрэг дээр очоод, усан халаагуур хосолсон зуухаа авах боломжтойг бас давхар хэлмээр байна.
 
- Монгол гэрт болон ханан пийшинд өөр өөр зуух хэрэглэх шаардлага гарч байна уу?
- Эдгээр 4 төрлийн зуух бүгдээрээ  байшинд хэрэглэж болно. Гэхдээ хамгийн гол нь  шууд яндан дээрээ зориулалтын холбогч хэсгээр холбон хэрэглэх юм. Босоо гурван худагтай ханан пийшинд тохирох зуух нь бол нэг л төрөл байгаа. 53 мянгаар борлуулагдаж байна.
 
- Иргэдийн зүгээс эдгээр зуухыг авахын тулд ямар нэгэн хүндрэлтэй зүйл байна уу?
- Иргэд эхлээд бүрэн шаталттай зуух авах хүсэлтээ хороондоо уламжилж, нэгдсэн бүртгэлд орсон байх хэрэгтэй. Үүнээс өөр хүндрэл гэх юм байхгүй. Иргэдийн зүгээс энэ мэдээлэл дутуу авснаас болж шууд гэр цэг дээр ирэх тохиолдол их гарч байна.
 
- Зуух хэдий хугацааны дараа эзэндээ очиж байгаа вэ?
- Иргэн эхлээд оршин суудаг хороон дээрээ очоод, бүрэн шаталттай зуух авах иргэдийн нэрсийн жагсаалтад бүртгүүлнэ. Үүнийхээ дараа гэр цэгт ирж зуухаа сонгон гэрээгээ хийх юм. Гэрээний дагуу Хасбанкинд сонгосон зуухныхаа үнийг тав хоногийн дотор тушаана. Мөнгө тушааснаас хойш 14 хоногийн дараа бүрэн шаталттай зуухыг тухайн нийлүүлэгч компаниудын ажилтнууд гэрт нь очиж суурилуулж өгөх юм. Түүгээр зогсохгүй түлэх горим, хэрхэн аюулгүй байдлаа сахих гэх мэт бүх зааварчилгааг өгнө. Мөн эдгээр зуухнуудад ашиглах заавар нь хүртэл дагалддаг.
 
- Хуучин зуухыг нь хурааж авч байгаа юу?
- Мэдээж хурааж авна. Иргэд нэг зүйлийг зөвөөр ойлгож, хуучин зуухаа заавал өгөх ёстой. Бид тэдгээр хуучин зуухнуудыг хурааж аваад зарах гэж байгаа юм биш. Хуучин зуухыг нь хурааж авахгүй болохоор иргэд хэн нэгэндээ өгөөд, тэр нь утаагаа гаргаад байгаа болохоор л заавал хурааж авах шаардлага тавьж байгаа.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Бүрэн шаталттай зуухаа 14-20 хоногийн дараа хүлээж авна   
Үзсэн: 2145 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.235.xxx [202.131.235.xxx] 2013-10-11 19:15
Тайлбарлагч нь сайн байх хэрэгтэй юм билээ шүү. Иргэдэд мэдээллээ сайн өгөх хэрэгтэй

Бидэнтэй нэгдээрэй