Өмнөд Азид борооны улирал эхэлсэнтэй холбоотойгоор Пакистан, Энэтхэгийн хэд хэдэн бүс нутагт үер, хөрсний гулгалт зэрэг гамшигт үзэгдэл нүүрлэсэн байна. Пакистаны хойд хэсэгт Афганистантай хиллэн оршдог Читрал мужид олон өрхийн орон сууц, мөн сүмийн нэг барилга гамшигт үзэгдэлд сүйдэж, 30 орчим хүн амь үрэгджээ. Холбогдох албаныхны мэдээлснээр амь үрэгдэгсдийн дийлэнх нь сүмийн барилгад рамадан сарын мөргөл үйлдэж байсан сүсэгтнүүд байсан ажээ.
Үүнээс гадна Энэтхэгийн Уттаракханд, Аруначал-Прадеш мужуудад өнгөрсөн баасан гарагт аадар бороо ширүүсч, улмаар үер, хөрсний гулгалтад 25 хүн амиа алдсан байна. Эдгээр мужийн хэд хэдэн тосгон хөрсний нуранги, лаг шаварт дарагдаж, зарим чиглэлийн хурдны зам хаагдаад байна. Олон зуун хүн нэгэн зэрэг орон гэрээсээ дүрвэхээр оролдсоноос нутгийн орон суугчдын дунд үймээн үүссэн талаар онцгой байдлын албаныхан мэдээлжээ.
Цаг агаарын нөхцөл байдал сайжрах төлөвгүй байгаа нь гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудад аврах ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна. Өмнөд Азийн орнуудад жил бүр борооны улирлаар олон зуун хүн амь үрэгддэг болохыг мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Өнгөрсөн онд Пакистаны Читрал мужийн уулархаг хэсэгт мөн л үер, хөрсний гулгалтаас үүдэн 30 орчим хүн амиа алджээ.
Үер, хөрсний гулгалтын улмаас 50 гаруй хүн амиа алджээ | ||
Үзсэн: 2411 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.