Бразилын Рио-де-Жанейро хотноо зуны олимп, паралимпын наадам эхлэхэд 30 хоног үлдлээ. “Рио-2016” ирэх сарын 5-нд нээлтээ хийж, мөн сарын 21-нд хаалтын ёслолоо зохион байгуулна. Харин энэ оны паралимпын наадам 9-р сарын 7-ноос 18-ны өдрүүдэд үргэлжлэх юм. Одоогоор “Рио-2016”-гийн бүх цэнгэлдэх хүрээлэн, өргөн чөлөөний бүтээн байгуулалт дууссан ч, тус наадмыг амжилттай зохион байгуулахын тулд шийдвэрлэх асуудлууд цөөнгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна.
Бразилын холбооны Засгийн газар Рио-де-Жанейро санхүүгийн хямралд орсноо зарласны дараа эхний ээлжинд 850 сая америк долларын тусламжийг олгоод байгаа. Энэ хөрөнгийг “Рио-2016” наадмын үеэр аюулгүй байдлыг чангатгах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах юм. Зуны олимпийн наадмын унадаг дугуйн уралдааны зам төлөвлөсөн хугацаанаасаа 6 сараар хожимдож дууссан нь шүүмжлэл дагуулах сэдэв болж байна. Үүнээс гадна “Рио-2016”-д зориулж байгуулсан метроны шинэ шугам одоо л туршилтын журмаар үйл ажиллагаагаа эхэллээ.
Мөн Рио-де-Жанейро хотод хулгай, дээрмийн гэмт хэрэг нэмэгдсэн явдал Бразилын эрх баригчдын санааг зовоосон асуудал болж байна. Австралийн паралимпын тамирчинг дээрэмдсэн хэрэг гарснаас гадна 20 зэвсэглэсэн этгээд хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг чөлөөлөхөөр эмнэлэгт дайран орсон юм. Үүнээс гадна Германы 2 сурвалжлах баг 400 мянган америк долларын үнэ өртөг бүхий тоног төхөөрөмж ачсан авто машинаа дээрэмдүүлжээ.
Энэ мэт хэрэг зөрчлийг намжаах, мөн Дакка, Багдад хотуудын адил террорист халдлага Риод гарахаас сэргийлэхийн тулд аюулгүйн албаны 85 мянган албан хаагчийг дайчлахаар төлөвлөж байна. Олимпийн наадам хаяанд ирсэн ч тасалбар борлуулалт 70 хувиас хэтрэхгүй тааруу үзүүлэлттэй байгааг ажиглагчид онцолж байна.
“Рио-2016” нээлтээ хийхэд 30 хоног үлдлээ | ||
Үзсэн: 1958 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.