2016 оны долоодугаар сарын 10, 11-ний өдрүүд буюу баярын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ 632 мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 435 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 19 бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 32 хүн хүнд, хөнгөн гэмтсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ.
Тухайлбал, өчигдөр Баянзүрх дүүргийн нутаг Нарны зам, “МТ” ШТС-ын урд замд T.Landcriuser маркийн авто машины жолооч Б нь Мопедтой мөргөлдөж, жолооч 20 орчин настай эрэгтэй нас барсан байна. Мөн тус дүүргийн нутаг Да–Хүрээгийн гудамж, Цайз захын уулзварын зүүн замд T.Prius маркийн авто машины жолооч нь Nissan X-Trail маркийн Б жолоочтой авто машиныг мөргөж, жолооч 35 настай эрэгтэй Б гэмтсэн байна. Улмаар T.Prius маркийн авто машины жолооч хэргийн газрыг орхиж явжээ. Түүнчлэн Төв аймгийн Лүн сумын Чавганцын хөтөл гэх газрын асфальтан замд T.Prius маркийн М жолоочтой авто машин онхолдож 19 настай эмэгтэй А-ийн амь нас хохирч гурван хүн гэмтсэн байна.
Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарыг тээврийн хэрэгслийн хурдыг зөв тохируулах, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насын хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, асран хамгаалагч нь хүүхдийг тэвэрч буюу хөтлөж замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслээр зорчихдоо хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг хэрэглэж анхаарал болгоомжтой бусдадаа хүндэтгэлтэй хандаж оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 жолоочийг илрүүлжээ | ||
Үзсэн: 764 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.