Зуны олимпийн XXXI наадмын зургаа өдрийн тэмцээнүүд амжилттай болж өнгөрлөө. Энэ өдөр Монголын таван тамирчин бокс, жүдо, буудлага, усанд сэлэлтийн төрөлд хүч үзэв.
Жүдо
Жүдогийн эрэгтэйчүүдийн -100кг-ын жинд олимпийн аварга Н.Түвшинбаяр эхний тойрогтоо Кубын бөх Хосе Арментеростой барилдаж юко үнэлгээгээр ялагдал хүлээснээр гурав дахь олимпоо өндөрлүүлсэн юм.
Жүдогийн эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд Монгол улсын тамирчин П.Лхамдэгд хэсгийн эхний барилдаанд Унгарын жүдоч Абигел Жоотой таарч барилдсан юм. Харамсалтай нь П.Лхамдэгдийн гарын гэмтэл сэдэрч, Унгар улсын бөх Абигел Жоод ялагдаж, тэмцээнээ цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм.
Маргааш +100 кг-ын жинд Олон улсын Хэмжээний Мастер, олимпийн тугч Б.Тэмүүлэн Алжирын бөх Таиб Мохамед Аминтай учраа тааран барилдана.
Бокс
Боксын 69 кг-ын жингийн тэмцээнд Б.Түвшинбат Ирландын боксчин Донелли Стивен Жерардтай тулалдаж, эхний хоёр үеийг гурван шүүгчийн үнэлгээгээр 2:1-ээр ялагдал хүлээсэн бол гурван үеийн дараах байдлаар Ирландын ялалтаар өндөрлөсөн. Ингэснээр Б.Түвшинбат шигшээ наймд шалгарах боломжгүй болж, олимпийн наадмаа дуусгалаа.
Буудлага
Олимпийн наадмын урт бууны эмэгтэйчүүдийн 50 метрийн төрөлд Дэлхийн шилдэг 37 тамирчин гурван дасгалд өрсөлдөж, шилдэг найман тамирчин тодорсон юм. ОУХМ Г.Нандинзаяа Чехийн тамирчинтай адил 582 оноо авсан ч хяналтын оноогоороо есдүгээрт эрэмбэлэгдэж, энэ удаагийн олимпоо өндөрлүүлэв. Хэдийгээр есдүгээр байрт эрэмбэлэгдсэн ч урт бууны төрөлд манай улсын хувьд хамгийн өндөр үзүүлэлттэйгээр олимпийн наадамд оролцсон амжилтаар бүртгэгдэж байна.
Усанд сэлэлт
Чөлөөт сэлэлтийн эрэгтэйчүүдийн 50 метрийн төрөлд Олон Улсын хэмжээний мастер Батсайханы Дөлгөөн амжилттай оролцож, тэмцээнээ өндөрлүүллээ. Уг төрөл эхний халаалтын үе 11 хэсэг тус бүр найм, найман тамирчид өрсөлдсөн бөгөөд Б.Дөлгөөн тавдугаар хэсэгт уралдлаа. Тэрээр 24,90 секундийн амжилтаар хэсэгтээ 8 дугаарт, 85 тамирчнаас 60 дугаар байранд эрэмбэлэгсэн, хагас шигшээд шалгарч чадсангүй. Гэвч манай тамирчны хувьд дэлхийн шилгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, улсанд сэлэлтийн төрлөөр монголчууд амжилт гаргах боломжтой гэдгийг харуулж чадлаа.
Хэдийгээр энэ өдөр өөр өөрийн төрөлдөө өрсөлдсөн тамирчид маань тэмцээнээ ялагдлаар өндөрлүүлсэн ч дэлхий нийтэд хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулж чадсан юм.
Наймдугаар сарын 12-ны үдшийн 22 цагаас жүдогийн +100 кг-ын жинд Б.Тэмүүлэн хүч үзнэ. Харин наймдугаар сарын 13-ны 06:00 цагаас боксын 60 кг-ын жингийн хагас шигшээ тэмцээнд Д.Отгондалай тоглох бол 01:00 цагт усанд сэлэлтийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Б.Есүй өрсөлдөх юм байна.
Рио 2016: Олимпийн зургаа дахь өдрийн Монголын тамирчдын тэмцээний тойм | ||
Үзсэн: 3307 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.