Шууд Chart

"Рио-2016" олимпийн наадмын дээд амжилтууд

2016-08-23 12:10:54

Таван тивийн шилдэг тамирчид өндрөөс өндөрт, хурднаас хурдан, хүчтэнээс хүчтэй уриан дор 21 хоногийн турш өрсөлдөж, дэлхийн сая сая үзэгчдэд спортын гайхамшгийг мэдрүүллээ. Риогийн олимпийн наадам олон аваргуудыг төрүүлж, дээд амжилтуудыг эвдсэн гэнэтийн бэлгээр дүүрэн байлаа. Уншигч та бүхэнд "Рио-2016" олимпийн наадмын дээд амжилтуудаас хүргэе.  

1. Ямайкийн ойрын зайн гүйгч Усайн Болт "Рио-2016" олимпийн наадмын 200 метрийн гүйлтийн тэмцээнд алтан медаль хүртсэнээр олимпийн найман удаагийн аварга боллоо. Болт 2008 оны Бээжингийн олимп, 2012 оны Лондоны олимпийн наадмын гурван төрөлд өрсөлдөж, зургаан алтан медаль хүртсэн. Тэрбээр "Рио-2016" олимпийн 100 метрийн гүйлтийн тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алтан медаль хүртэж, дэлхийн 11 удаагийн аварга болж, хөнгөн атлетикийн түүхэнд хамгийн дээд амжилт тогтоосон билээ. Эдүгээ Усайн Болт 100 м (9.58 секунд), 200 м-ийн (19.19) тэмцээний дэлхийн дээд амжилтын эзэн юм.

2. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 58 кг-д дэлхийн 10 удаагийн аварга, Японы бөх, Каори Ичо, ОХУ-ын В.Кобловаг 3:2-оор ялж алт медаль хүртсэн. Тэрбээр ийнхүү “Афин-2004”, “Бээжин-2008”, “Лондон-2012”, “Рио-2016” олимпод дараалан дөрвөн удаа түрүүлж түүхэнд нэрээ мөнхөллөө. 



3. Олимпийн түүхэнд аав хүү, ах дүү, ихэр тамирчид оролцсон тохиолдол чамгүй олон бий. Харин олимпийн түүхэнд ээж, хүү хоёр оролцсон  анхны тохиолдол "Рио-2016" наадмын үеэр болов. Гүржийн буудлагын тамирчин Н.Салуквазе өмнө нь олимпод долоон удаа өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медаль хүртээд буй бол түүний хүү Ц.Мачариани анх удаа оролцсон байна.


 
4. Усан спортын бүх цаг үеийн хамгийн шилдэг тамирчин Майкл Фелпс 200 метрийн холимог сэлэлтийн төрөлд  1:54:66 секундэд барианд хүрч алтан медалийн эзэн боллоо.



Майкл Фелпсийн хувьд олимпийн наадмаас 22 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль буюу нийт 26 медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Тэрбээр 2008 оны Бээжингийн олимпийн наадамд оролцсон төрөл бүртээ аваргын алтан медаль хүртэж, нэг олимпоос 8 алтан медаль хүртсэн гайхалтай амжилтын эзэн болж байсан юм.
Майкл Фелпс ийн 26 медаль авснаар хуучин Зөвлөлт Холбоот улсын нэрт гимнастикч Лариса Латынинагийн олимпийн наадмаас 18 медаль хүртсэн амжилтыг эвдсэн.
 
5. Хөл бөмбөгийн тэмцээний  хагас шигшээд учраа таарсан Бразил, Гондурасын шигшээ багийн тоглолтын үеэр  Неймар 15 дахь секундэд гоол оруулж олимпийн наадмын түүхэнд хамгийн богино хугацаанд гоол оруулсан  дээд амжилт тогтоолоо.


 
6. Хятадын хүндийн өргөлтийн эмэгтэй тамирчин Дэн Вэй дэлхийн дээд амжилтыг шинэчлэн, Олимпийн алтан медаль хүртсэн байна. Тэрбээр 63 кг-ын ангилалд оролцон, хоёр дасгалын нийлбэр дүнгээр 262 кг өргөсөн. Өмнөх дээд амжилтыг 2014 оны Азийн тоглолт дээр Тайванийн тамирчин Линь Цзыци 261 кг-аар тогтоож байжээ.


 
7. Цуваа дугуйн 4 км-ийн уралдаанд Их Британийн эмэгтэйчүүдийн баг АНУ-ын  тамирчдыг ялж, алтан медалийн эзэн боллоо. Уралдаанд оролцсон Их Британийн багийн бүрэлдэхүүнд  Кэти Арчибальд, Лора Тротт, Элинор Баркер болон Джоанна Роуселл-Шэнд нар багтсан байна.


Тэд 4 км замыг 4:10.236  секундэд  туулснаар ийнхүү дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ. Мөн тус багийн гишүүн Тротт 24 настай бөгөөд олимпийн гурван алтан медаль хүртсэн анхны англи эмэгтэй болж байгаа юм.
 
8. Эмэгтэйчүүдийн 200 метрийн холимог төрөлд Унгарын тамирчин Катинка Хоссу аваргалж, алтан медалийн эзэн болсон байна. Тэрбээр аварга болохоос гадна 2:06:58 цагийн амжилт үзүүлснээр олимпийн амжилтыг шинэчлэн тогтоосон юм.


 
9. Лондоны олимпод 15 настайдаа түрүүлж байсан америк бүсүй Кэйти Ледеки өдгөө дэлхийн хэмжээний алдартай тамирчин болсон. Тэрбээр эмэгтэйчүүдийн 400 метрийн чөлөөт сэлэлтэд 3:56.46 минутад барианд орж, дэлхийн шинэ дээд амжилт тогтоолоо. Ледеки өмнө нь АНУ-ын шигшээ багийн хамтаар 4х100 метрийн буухиа уралдаанд мөнгөн медаль авсан билээ.


 
10. Их Британийн тамирчин  Адам Пети эрэгтэйчүүдийн 100 метрийн мэлхий сэлэлтэд 57.13 секундээр шинэ дээд амжилт тогтоож, олимпйн аварга болсон байна.


 
11. БНХАУ-ын усанд үсрэлтийн тамирчин Ву Мин Хиа өөрийн хамтрагч Ши Тин Маогийн хамтаар гурван метрийн богино тавцангаас үсрэлтээр олимпийн аварга болжээ. Ингэснээр Ву таван олимп дараалан 7 медаль хүртсэн амжилтаар олимпийн түүхэнд хамгийн олон медаль хүртсэн үсрэгч болжээ.


 
12. "Рио-2016” олимпийн хамгийн анхны алтан медалийг эмэгтэйчүүдийн 10 метрийн урт бууны дасгалд цэц сорьсон АНУ-ын тамирчин Вержинья Трейшер хүртэж, олимпийн аварга боллоо. Өдгөө 19 настай тэрбээр анхны олимпдоо оролцоод л шууд аваргалсан нь энэ. Тэгэхдээ бүр 208.0 оноогоор олимпийн дээд амжилтын эзэн болсон байна.


 
13. БНХАУ-ын тамирчин 25 настай Жан Мөнсюэ эмэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны дасгалын финалд 8 тамирчинтай өрсөлдөн 199.4 оноогоор  алтан медаль хүртэж мөн эмэгтэйчүүдийн 10 м-ийн хийн гар бууны төрөлд олимпийн шинэ дээд амжилтын эзэн болжээ.


 
14. Австралийн усан сэлэлтийн багийн тамирчид 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн буухиа тэмцээнд 30.65 секундын амжилтаар алтан медаль хүртэж, дэлхийн дээд амжилт тогтоолоо.


 

Нийтэлсэн: Ч.Энхзул

"Рио-2016" олимпийн наадмын дээд амжилтууд  
Үзсэн: 3496 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй