![](/uploads/201310/news/thumb/2240443767677b0acf0b81aba4543934_x3.jpg)
“Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгыг дахин шалгуулах хүсэлтээ холбогдох албаныханд уламжлахаар өнөөдөр тус нэгтгэлийн ахмад уран бүтээлчид хамт олноо төлөөлөн мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн 1 сараас эхлэн “Монгол кино” нэгтгэлийн ахмадууд Ж.Солонгыг нэгтгэлийн эзэмшлийн газар, үнэт ховор эд зүйлс борлуулсан талаар АТГ-т мэдэгдэж шалгуулах хүсэлт гаргасан. Харин хэргийг шалгасны үндсэн дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлгүй гэж үзэн, хэрэгсэхгүй болгосон юм.
Харин ахмадууд Ж.Солонготой холбогдох хэргийг үнэн зөвөөр дахин шалгаж өгөхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Монгол улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, ТӨХ-ны дарга Д.Цогтбаатар нарт хандан тодорхой баримтын хамт хүсэлтээ хүргүүлэхээр болжээ.
Хүсэлтэд Ж.Солонго 1997 онд “Монгол кино” нэгтгэлийн дарга болонгуутаа Япон улсад Монголын кино өдөрлөг зохиож, үүнийхээ зардалд зориулан 69,479 ам.доллар авсан тухай Японы Киноны нийгэмлэгийн Акира Огумагаас факс ирсэн юм. Тэр мөнгийг чухам ямар зориулалтаар яаж зарцуулсныг шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг тухайн үед ЦЕГ, УМБГ-т тавьж шалгуулахад Худалдаа хөгжлийн банкин дахь Ж.Солонгын хувийн дансанд орсон байсан.
Тэр ч байтугай "Монгол кино" нэгтгэлийн өмчийн газрыг дур мэдэн наймаалж, "Зүмбэр орд" ХХК, "Үнизм" ХХК-тай барилгын гэрээ хийж, уран бүтээлчдэд өгөх нэрээр компани тус бүрээс арван орон сууц авахаар гэрээ хийсэн нь илрэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхантай хуйвалдаж, байрны цоожийг сольж өөрийн үнэнч хүмүүст өгөх болсон байна.
Улмаар Кино нэгтгэлийн хажууд 81 дүгээр байрыг бариулахдаа ажилчдад олгоно хэмээгээд доод давхрыг бүхэлд нь авахаар тохирч, тэнд ресторан түрээсээр ажиллуулж байгааг хэвлэлд бичсэн. Мөн 10 машины гарааш хувьдаа бариулж, хуучин лабораторийн байшинг худалдаж, хашаа бариулсан гээд олон баримт байгаа. "Монгол кино" нэгтгэлийн өрөөнүүдийг түрээслүүлж, хэчнээн төгрөгийн орлого олдог, юунд зарцуулдгийг ч мэдэх хүн байгаа зэргээр олон баримт дурджээ.
Тиймээс тус хэргийг дахин шалгаж, Ж.Солонгын хэлсэн ярьснаар дүгнэлтээ гаргах бус бодит баримтад тулгуурлан үнэн зөвөөр дүгнэж, “Монгол кино” нэгтгэлийн ирээдүйн хувь заяа, цаашдын хөгжилд холбогдох албаныханг анхаарал тавихыг ахмад уран бүтээлчдийн зүгээс шаардаж байгаа аж.
Ж.Солонгыг дахин шалгуулах хүсэлт тавилаа | ||
Үзсэн: 3259 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.