Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаанаас Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга сумын нутагт ажиллажээ. Ганга нуурын эргэн тойронд өнгөрсөн долоодугаар сард хур тунадас багатай, хөрсөн дээр 29 хоног 40-60 градусын халалттай, ууршилт ихтэй байсан нь Ганга нуурын ус татрахад нөлөөлсөн гэж аймаг, сумын мэргэжилтнүүд үзэж байна.
Энэ сарын 7-9-ийн өдрүүдэд Дарьганга сумын нутагт бороотой байсан бөгөөд есдүгээр сар гарсаар хур тунадас орж эхэлснээр нуурын ус сэргэж эхэлж байгаа аж.
Ганга нуур 1986, 2011 онд байгалийн хүчин зүйлийн нөлөөллөөс болж ус татарч байсан удаатай. Одоогийн байдлаар аймгийн БОАЖГ, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа хамтран Ганга нуурыг хашаажуулах, сумын ЗДТГ-ын зүгээс ойр орчмын булгийг хашиж хамгаалах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Ганга нуурыг хамгаалахтай холбоотой цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцож нэн даруй дараах ажлуудыг сумын ЗДТГ болон Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран хийхээр тохиролцож хийж эхлээд байна. Үүнд:
1. Ганга нуур болон тус сумын бусад булаг, нууруудын хамгаалалтын бүсийг тогтоосон Засаг даргын захирамжийг гаргуулж, даган мөрдүүлэх
2. Ганга нуурын ойр орчмын малчин өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх
3. Нүүлгэн шилжүүлсэн малчин өрхүүдийн бэлчээрийн усан хангамжийг шийдвэрлэх
Цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын саналыг /үүлэнд зориудаар нөлөөлөх, газрын генератор суурилуулах гэх мэт/ орон нутгийн удирдлагууд болон бусад холбогдох байгууллагууд руу явуулж санал солилцож байгаа ажээ.
Эх сурвалж: Галба-Өөш, Долоодын говийн сав газрын захиргаа
Ганга нуурын ус сэргэж эхэлжээ | ||
Үзсэн: 4877 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.