Шууд Chart

ЗЦГ-ын хошууч С.Бямбасүрэн: Малчид өвөлд бэлддэг шиг жолоочид ч өвөлд бэлдэх хэрэгтэй

2013-10-22 10:40:31

Цас орж нийслэлчүүдийн хамгийн том асуудал болох замын хальтиргаа гулгаа эхэллээ. Үүнтэй холбогдуулан Замын Цагдаагийн Газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн байцаагч, хошууч С.Бямбасүрэнгээс анхааруулга, зөвлөгөө авсан юм.   

-Замын гулгаа эхэллээ. Цагдаагийн газраас жолооч нартаа хандаж зөвлөгөө өгөөч?
-Жолооч нар маань анхаарал богоомжтой байхаас гадна тээврийн хэрэгслийнхээ бүрэн байдлыг хангах буюу нэн түрүүнд нь өвлийн дугуй тавих хэрэгтэй. Ингэхдээ дугуйны хээний гүн нь суудлын авто машин 1.6 мм, ачааны авто машин 1 мм, автобус тролейбус  2 мм, мотоцикль0,8 мм-ээс  бага байхыг хориглосон байдаг. Ихэнх жолооч нар урдаа зуны дугуй тавиад, хойноо өвлийн дугуй тавьчихдаг. Энэ нь аваар осол гарахад ихээхэн нөлөөлдөг учраас хариуцлагатай, анхаарал болгоомжтой байх нь зүйтэй юм.
-Манай жолооч нар зам түгжрэлтэй гудамжаар сүлжиж яваад төв замд орохдоо осол гаргадаг. Үүнийг хянах боломжийн талаар?
-Гудамж дундуур сүлжиж яваа үед хяналт тавина гэдэг бол хэцүү. Гэхдээ энэ асуудлыг анхаарч ажилладаг. Нийтийн тээврийн хэрэгслийн тодорхой хувь нь ийм зөрчил гаргадаг. Жолооч нар бие биенээ хүндэлж замын хөдөлгөөнд оролцох л хамгийн чухал асуудал юм. Мөн ажлаа зөв төлөвлөж цагаа зохицуулаагүйгээс яарч сандран осол аваар их гардаг.
-Осол аваар гаргасан ихэнх  жолооч нар шууд л хэрэлдэж, зодолддог. Уг нь бүх зам камерын хяналттай, буруу зөвийг тогтооход хялбар болсон шүү дээ?
-Манай замын хөдөлгөөний камер дээр бүгд бичигддэг. Нэгэнт л шүргэлцэж, мөргөлдсөн тохиолдолд бухимдах хэрэггүй шууд л 102 дуудах хэрэгтэй. Дүүрэг бүр дээр дөрвөн чиглэлд дөрвөн байцаагч байнга ажиллаж байна. Бид найман минут тутам ирдэг.  
-I эгнээнд машинаа тавьсан тохиолдолд ачиж журамлаж байгаа. Үр дүн нь  хэр байна?
-I эгнээнд буюу замын хөдөлгөөний дүрмийн 11.5-ыг зөрчиж байгаа машинуудыг ачдаг. Энэ зөрчил гарсаар л байна. Нийт 12 ачигч машин ажиллаж байна.
-Жолооч нартаа хандаж нэмж сануулах зүйл юу байна?
-Онцлон анхааруулж хэлэхэд  зам тээврийн осолд хүүхдүүд их гэмтэх явдал ихсэж байна. Энэ нь хүүхдийг буруу авч яваатай холбоотой. Тиймээс хүүхэддээ хамгаалалтын бүсээ зүүлгэж заншаарай. 12 наснаас доош хүүхдийг хойд суудалд, бүр жаахан хүүхдийг тусгай суудалд суулгах ёстой юм. Мөн малчид өвөлд бэлддэг шиг жолооч нар маань ирж буй хүйтний улиралд тээврийн хэрэгслээ бэлдэж өвлийг тав тухтай давах хэрэгтэй.  
“Мy car” Авто төвийн менежер Т.Ганбаяр
-Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан жолооч нартаа цогц зөвлөгөө өгөөч?
-Манайхан анхаарахгүй явж байгаад цас орж цочир хүйтрэхээр ирдэг. Жолооч нартаа анхааруулж хэлэхэд өвөлдөө урьдчилан бэлдэх хэрэгтэй. Хамгийн гол зүйл нь моторын тос, тосол, дугуй нь улиралдаа тохирсон байх ёстой. Дээрээс нь машинаа улиралдаа нэг удаа үзлэгт оруулж оношлуулчихад айх зүйлгүй. Манайхан тос масло солиогүйгээс засварын газар чирүүлж ирдэг. Агаарын хаалтаа сайн цэвэрлэх хэрэгтэй. Найдвартай засварын газар ирж тос масло солиулах нь амар тайван явах баталгаа болдог.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

ЗЦГ-ын хошууч С.Бямбасүрэн: Малчид өвөлд бэлддэг шиг жолоочид ч өвөлд бэлдэх хэрэгтэй   
Үзсэн: 2541 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй