Шууд Chart

Өнөөдөр 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөө дэлхийн өдөр

2013-10-23 10:24:56

Өнөөдөр 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөө дэлхийн өдөр.  Өнөөдөр  67 улсад  50,000 гаруй хүүхэд, өсвөр үеийнхэн 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөөх үйл ажиллагаанд биечлэн оролцож, хүүхдийн төлөө хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг шийдвэр гаргагч, үүрэг хүлээгчдэд уриалах юм.

Монголын хүүхдүүд ч мөн энэ өдөрт дуу хоолойгоо нэгтгэж байна. Тэд өнөөдөр дүү нарынхаа эсэн мэнд амьдрахад тулгамдаж буй хамгийн хүнд асуудлыг, онцолбол ахуйн осол гэмтлийн асуудлыг хөндөн тавьж хэлэлцүүлэг хийж, “Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар хүүхэд гэмтэх, эндэх ёсгүй” баримтат кино бүтээхэд оролцсон байна.

Урьдчилан сэргийлж болох шалтгаанаар эндэж буй хүүхдийн тоо дэлхийн хэмжээнд 1990 онд 12 сая байсан бол 2012 онд 6.6 сая болон буурчээ. Харин Мянганы хөгжлийн зорилтоор 2015 он гэхэд 0-5 насны хүүхдийн урьдчилан сэргийлж болох эндэгдлийг гуравны хоёроор бууруулах шаардлагатай хэмээн үзэж байна.
 
Монгол Улсад нялхсын эндэгдэл өрхийн байршлаар авч үзэхэд нийслэлээс алслагдах тутам улам бүр нэмэгдэж байна. Тухайлбал, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд нийслэлд 18, аймгийн төвд 31, хөдөөд 54 ногдож байна. Үүний нэгэн адил 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд нийслэлд 21, аймгийн төвд 38, сумын төвд 46 байхад хөдөөд 72 ногдож байна.
0-5 насны хүүхдүүдийн амьдралд тохиолддог харамсалтай явдлын нэлээд хувийг ахуйн хүрээний осол, гэмтэл, түлэгдэл эзэлсээр байна. Гэмтэж бэртсэн хүүхдүүдийн 60 гаруй хувь нь гэртээ осол, гэмтэлд өртдөг байна. Цэцэрлэг хүрэлцээгүйн улмаас 5 хүртэлх насны нийт хүүхдийн 23.4 хувь нь гэртээ үлддэг төдийгүй 10 хүртэлх насны хүүхэд дүү нараа харах нь элбэг байгаа аж.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Өнөөдөр 0-5 насны хүүхдийн эсэн мэнд амьдрах эрхийн төлөө дэлхийн өдөр   
Үзсэн: 1844 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй