![](/uploads/201611/news/thumb/dd6fe91c6bbf77dec206908c5b17c6c8_x3.jpg)
Бүгд Найрамдах Итали улсын алдарт “Интер Милан” клуб дасгалжуулагч Франк де Бүрийг ажлаас нь халснаа албан ёсоор олон нийтэд зарлалаа. 108 жилийн түүхтэй энэ багийг удирдсан анхны нидерланд дасгалжуулагч Де Бүр гурван сар орчим хугацаанд Милан хотод ажиллаад ийнхүү халагдлаа. 14 жилийн хугацаанд шигшээ багтаа хүчин зүтгэсэн Нидерландын нэрт тамирчин де Бүр 2007 оноос дасгалжуулагчийнхаа гарааг эхэлсэн. Тэрээр Нидерландын шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажиллаж байхдаа 2010 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Өдгөө 46 настай тэрээр Амстердамын “Аяакс” клубыг 6 жилийн хугацаанд удирдаж, Нидерландын лигт 4 удаа түрүүлснийхээ дараа Италид газардсан юм.
“Интер” 2016-2017 оны улирал эхэлснээс хойш Италийн “Сери А”-д 11 тоглолт хийсэн ч 4 хожиж, 2 тэнцэн, 5 хожигдсоноор лигийн хүснэгтийн 12-р байрт бичигдэж байгаа юм. Лигийг тэргүүлэгч Ювентус тэднээс 13 онооны илүү буюу 27 оноотой тэмцээнийг үргэлжлүүлж байна. Лигийн 18 удаагийн аварга “Хар хөхүүд” Италийн аварга цолыг хамгийн сүүлд 2010 онд Жозе Моуриньо-н удирдлага дор хүртэж байсан. Тухайн жил трипль буюу европ тивд 3 цом хүртсэн амжилтыг үзүүлсэн. Үүнээс хойш Рафаел Бенитез, Леонардо, Жиан Пиер Гастиерини, Клаудио Ранейри, Андреа Страмоччиони, Уолтер Маззари, Роберто Манчини гэсэн шилдэг мэргэжилтнүүд багт ажилласан ч амжилт гаргаж чадаагүй юм. “Интер”-ийн удирдлагууд шинэ дасгалжуулагчаа сонгох хүртэл залуучуудын багийн дасгалжуулагч Стефано Векки үндсэн багийг удирдах юм байна.
“Интер”-ийн дасгалжуулагч Франк де Бүр ажлаасаа халагдлаа | ||
Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.