Олон улсын Бүгд найрамдахчуудын Институтийн хүсэлтээр социологийн судалгааны Рэйтинг байгууллагаас саяхан зохион байгуулсан судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Донбасын бүс нутагт болж байгаа дайныг тус улс дахь хамгийн том бэрхшээл гээд дараагийн асуудлаар нь засгийн газрын үйл ажиллагаан дахь авлигыг нэрлэсэн байна.
“Украин Улсын хувьд тулгарч байгаа хамгийн том гурван асуудал юу вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 53 хувь нь Донбас дахь дайн, 38 хувь нь засгийн газрын авлига, 29 хувь нь ажилгүйдэл, 27 хувь нь үнийн өсөлтөд тавих хяналт гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 4 хувь нь байгалийн хий, цахилгаан эрчим хүч, усны хомсдол гэж, мөн 4 хувь нь эд хөрөнгө өмчлөх эрхийн асуудал гэж, 1 хувь нь Орос хэлний статус гэж хариулсан тул эдгээр нь тийм ч чухал асуудлууд биш ажээ.
“Таны хувьд хамгийн чухал гурван асуудал юу вэ?” гэсэн асуултад оролцогчдын 48 хувь нь үнийн өсөлт гэж, 35 хувь нь Донбас дахь цэргийн мөргөлдөөн гэж, 33 хувь нь ажилгүйдэл гэж хариулжээ. Судалгаанд оролцогчдын 1 хувь дээрх 2 асуултад хариулахад хүндрэлтэй байна гэж үзсэн байна. Энэхүү судалгааг 2016.09.28-10.07-ны өдрүүдэд Украины нийт нутаг дэвсгэрийг хамруулан зохион байгуулжээ. Гэхдээ ОХУ-д нэгтгэгдсэн Крым, байлдаан болж байгаа Донбас мужийг оролцуулаагүй байна. Судалгаанд 18 болон түүнээс дээш насны 2400 иргэнийг хамруулж, тэдний амьдарч байгаа байранд нь очиж ярилцлага авах хэлбэрээр явуулжээ.
Украины иргэд авлигыг тус орны хамгийн том асуудлуудын нэг гэж үзэв | ||
Үзсэн: 1272 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.