Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг өнөөдөр (2026.08.10) зохион байгуулж байна.
Үндэсний хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ О.Саранчулуун гишүүн “Хүний эрхийг бодитоор хангахын тулд зөвхөн хууль, бодлого хангалтгүй. Тэдгээрийг хэрэгжүүлэх санхүүгийн бодлого, хангалттай төсөв, үр ашигтай хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай” хэмээн тэмдэглэн хэлсэн юм.
Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус үндэсний хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах төсвийн бодлого, санхүүжилтийн өнөөгийн нөхцөл байдал, 2027 оны улсын төсөвт тусгах шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм. Тэр дундаа хүүхдийн хөгжлийн үе шат бүрд шаардлагатай үйлчилгээ, дэмжлэгийг улсын төсөвтэй уялдуулан хэлэлцэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хэрэгцээ нас ахих хэрээр өөрчлөгдөж байдаг онцлогтой тул төсвийн төлөвлөлт ч амьдралын мөчлөгт суурилсан байх шаардлагатай байдаг. Иймээс салбар хэлэлцүүлгийг хүүхдийн хөгжлийн гурван үе шат болох 0-2 нас, 3-5 нас, 6-18 нас гэсэн ангиллаар зохион байгуулж, тухайн үе бүрд шаардлагатай үйлчилгээ, санхүүжилтийн асуудлыг тусгайлан хэлэлцэж байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай арга хэмжээ, төсвийг улсын төсвийн төсөлд хэрхэн тусгах талаар анхаарал хандуулсан болохоо О.Саранчулуун гишүүн хэлээд “Сангийн яамтай хамтраад зардлын ангиллыг нягталж, мэдээлэл солилцоод, бүх төсвийн захирагч нарт холбогдох танилцуулга сургалт хийсэн. Жил бүрийн 8 дугаар сарын 15-ны өдөр гэхэд улс орон даяар ирэх жилийнхээ нэгдсэн төсвийг төлөвлөж, нэгтгэдэг. Улсын төсвийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгүүд явж байгаа, үүний дунд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг тооцох ёстой гэдэг байр сууринаас энэ удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байна” гэлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах, хамгаалах асуудал нь оношлогооноос эхэлнэ гэдгийг тэрбээр тэмдэглээд “Иймд төрийн цогц бодлого, үйлчилгээний тогтолцоог бий болгох нь чухал. Нэн тэргүүнд эрт оношлоод, тухайн хүүхэд ирээдүйд ямар бэрхшээлтэй болохыг тодорхойлж, ээж, аав нь, гэр бүл нь ямар бэлтгэл хангах талаар зөвлөгөө, заавар өгч, интервенц хийх хэрэгтэй байдаг. Аль болох эрт мэдэж чадвал сэргээн засах, гэр бүл нь зохих бэлтгэл хангаад, мэдлэг ойлголттой байх юм бол хөгжлийн бэрхшээлтэй тухайн хүүхэд төдийгүй тэр гэр бүлийн өдөр тутмын амьдралд тулгардаг олон бэрхшээлийг бууруулах боломжтой. Үүнийг бусад улс орны жишээнээс харж болно” хэмээсэн. Улмаар 0-2 насанд нь илрүүлж, оношилж чадвал цэцэрлэгт, сургуульд бэлтгэх буюу 3-5 насанд нь хүүхдийг нийгмийн амьдрал бэлтгэх тогтолцоо руу шилжиж, дараа нь буюу 6-18 настай хүүхдийг тэгш хамран сургахын тулд зохих төлөвлөлт, хүртээмжтэй зохион байгуулалт, технологи, үйлчилгээг бүрдүүлэх шаардлагатай болохыг дурдав. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн чиг баримжаа олгодог тогтолцоо байж гэмээнэ нь тэд нийгэмшиж, нийгмийн амьдралд оролцох суурь чадвартай болж төлөвшинө гэдгийг тайлбарлаад “Үүний тулд төсвийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудлыг хэрхэн тусгах вэ гэдэгт анхаарах нь зүйтэй. Насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлт, ажил мэргэжлийн асуудлыг бид нэлээн ярьсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийгэмшүүлэх хамгийн энгийн стандартыг бий болгохын тулд, хүүхдүүддээ дэлхий дахинаа байдаг хамгийн минимум нөхцөлийг бүрдүүлэхийн тулд төсвийн төлөвлөлтөд хэрхэн тусгах талаар анхаарах хэрэгтэй байгаа юм” хэмээгээд хэлэлцүүлгийн эхний гурван салбар хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд мэдээлэл танилцуулсан. Энэ удаагийн хэлэлцүүлгийг долоон салбар хэлэлцүүлэг болгон ангилснаа тэрбээр тайлбарлаад, өөрийн санаачлан боловсруулж буй Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төслийн үзэл баримтлал, боловсруулж буй явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Эхний салбар хэлэлцүүлэг нь “Эрт илрүүлэлт, оношилгоо, эрт үеийн оролцоо” сэдвээр өрнөсөн бөгөөд 0-2 насны хүүхдийн төрөлхийн болон олдмол хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх, нярайн скрининг, эрт үеийн сэргээн засах үйлчилгээ болон гэр бүлийг дэмжих тогтолцоонд шаардлагатай төсвийн асуудлыг хэлэлцлээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 3-5 нас нь сургуульд бэлтгэх үеийн хөгжлийн дэмжлэг, хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, туслах технологи, сэтгэл зүйн үйлчилгээ зэрэг хүүхдийн хөгжлийг дэмжих цогц үйлчилгээг үзүүлэх чухал үе байдаг бөгөөд хэлэлцүүлгийн хоёр дахь салбар энэ хүрээнд “Сургуульд бэлтгэх ба хөгжлийг дэмжих тогтолцоо” сэдвээр өрнөж, холбогдох арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх асуудалд төвлөрч байсан.
Суралцах, хөгжих, нийгэмших үе буюу хөгжлийн бэрхшээлтэй 6-18 насны хүүхдүүдийн эрхийг хангах, хамгаалах зорилгоор гурав дахь салбар хэлэлцүүлгийг явуулсан юм. “Суралцах, хөгжих, нийгэмших” сэдэвт салбар хэлэлцүүлгийн эхэнд Боловсролын яамнаас "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг бололвсролд тэгш хамруулах орчин% үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2027 онны төссвийн төлөвлөлт" илтгэл танилцуулж, энэ хүрээнд хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, холбогдох төрийн байгууллагын төлөөллөөс тайлбар, мэдээлэл, тодруулга авсан юм.
Хүүхдийн хөгжлийн үе шат бүрийн хэлэлцүүлгийн дараа эрүүл мэнд, сэргээн засах үйлчилгээ, боловсролын тасралтгүй тогтолцоо, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, саадгүй орчин, мэдээллийн хүртээмж зэрэг хүүхдээс насанд хүрэгч хүртэлх амьдралын мөчлөгийг хамарсан бодлогын асуудлаар оролцогч талууд хэлэлцүүлэг өрнүүлсэн.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хэрэгжилт ба улсын төсөв: Санхүүгийн бодлогыг хүний эрхэд нийцүүлэх нь” сэдэвт үндэсний хэлэлцүүлэг "Эрүүл мэнд ба сэргээн засах үйлчилгээний тасралтгүй тогтолцоо", "Гэр бүлээс нийгэм рүү: Нийгмийн хамгаалал, шилжилтийн үйлчилгээ", "Төсөв, мэдээлэл, хяналт: Хүүхэд бүрийг дагасан санхүүжилт", "Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээг бэхжүүлэх төсөв" зэрэг сэдвийн хүрээнд үргэлжилж, тэгш хамран сургах боловсрол, ганцаарчилсан боловсролын төлөвлөгөө, сургуулийн орчны хүртээмж, туслах технологи, үе тэнгийн оролцоо, урлаг, спорт, мэргэжлийн чиг баримжааны үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай төсвийн бодлогын талаар хэлэлцэж байна.
Хэлэлцүүлэгт Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, холбогдох агентлагийн төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч нарын нийт 100 гаруй хүн оролцож байна.
Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн 2027 оны улсын төсвийн төлөвлөлтөд хүргүүлэх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хүртээмжтэй, хүний эрхэд суурилсан төсвийн бодлогыг төлөвшүүлэхэд ашиглах юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна | ||
| Үзсэн: 72 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.