АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгостой хамтран зохион байгуулдаг цэргийн сургуулилтын цар хүрээг эрс багасгахыг Батлан хамгаалах яаманд үүрэг болгожээ.
Трамп наймдугаар сарын 16-нд нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ хамтарсан сургуулилтуудыг “маш их өртөгтэй” гэж тодорхойлоод, АНУ зардлын ихээхэн хэсгийг хариуцдаг гэж шүүмжилсэн байна. Мөн ийм сургуулилт нь Хойд Солонгост “зохисгүй, дайсагнасан дохио” өгч байна гэж үзжээ.
Тэрбээр АНУ өмнө нь уг сургуулилтад оролцохоор тохиролцсонд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай “маш сайн харилцаатай” гэдгээ дахин онцолсон байна.
Энэ мэдэгдэл АНУ, БНСУ-ын жил тутмын “Ulchi Freedom Shield” хамтарсан сургуулилт эхлэхийн өмнөхөн гарчээ. Сургуулилт наймдугаар сарын 27 хүртэл үргэлжлэх бөгөөд Өмнөд Солонгосын 18 мянга орчим цэрэг оролцож байна. БНСУ-ын Зэвсэгт хүчний Нэгдсэн штаб сургуулилт товлосон хуваарийн дагуу эхэлснийг мэдэгджээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газар Трампын мэдэгдлийг судалж байгаагаа мэдэгдээд, АНУ болон Хойд Солонгосын удирдагчдын харилцаа Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжих яриа хэлэлцээнд хүргэнэ гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Үүний зэрэгцээ хоёр улс хамтарсан батлан хамгаалах бэлэн байдал, цэргийн сургуулилтын асуудлаар үргэлжлүүлэн зохицуулалт хийхээр болжээ.
Трамп мөн Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчөөс Ираныг цөмийн зэвсэггүй болгох АНУ-ын ажиллагаанд нэгдэхийг хүссэн боловч Сөүл татгалзсан гэж мэдэгджээ. Харин Өмнөд Солонгосын тал боломжит цэргийн оролцооны талаар хэлэлцэж байгаа ч Солонгосын хойгийн батлан хамгаалах бэлэн байдал болон дотоодын хууль эрх зүйн шаардлагыг харгалзан үзэж буйгаа тайлбарласан байна.
Хойд Солонгос АНУ-БНСУ-ын хамтарсан сургуулилтыг удаа дараа довтолгооны бэлтгэл гэж буруутгаж ирсэн бол Вашингтон, Сөүл уг сургуулилтыг хамгаалалтын шинжтэй гэж тайлбарладаг.
Энэ удаагийн шийдвэрээр сургуулилтыг яг ямар хэмжээгээр, ямар хэсгүүдэд танах нь одоогоор тодорхой болоогүй байгаа аж. Пентагон энэ талаар дэлгэрэнгүй тайлбар өгөөгүй бөгөөд Цагаан ордноос нэмэлт мэдээлэл хүлээгдэж байна.
| Дональд Трамп АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилтыг эрс багасгахыг үүрэг болгожээ | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.