Мексикийн хил дагуу хана босгох АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын санал болгосон ажлын санхүүжилт гацсанаас болж АНУ-ын Засгийн газар хэсэгчлэн хаагдаад байгаа нөхцөл байдал он дамнан үргэлжлэх нь тодорхой боллоо.
Конгрессийн хоёр танхим өчигдөр зургаа дахь хоногтоо зогсонги байдалтай байгаа Засгийн газрын ажлыг сэргээх талаар ямар нэг арга хэмжээ авалгүй хэдхэн минут хуралдаад таржээ.
Хана барих ажлыг санхүүжүүлэх эсэх асуудлаас болж тус улсын төсөв батлах ажил гацаад байна. Энэхүү маргаан 2019 он гартал үргэлжилнэ гэдэгт маргалдагч талууд хэдийнэ эвлэрчээ гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Холбооны Засгийн газрын ажил зогссоноос болж хэдэн зуун мянган төрийн албан хаагч нэг бол цалингүй амарч, үгүй бол цалингүй ажиллахад хүрч байгаа юм. Ерөнхийлөгч Дональд Трампын тухайд хууль бус цагаачлалтай тэмцэхийн тулд Мексиктэй залгаа Америкийн хил дагуу хамгаалалтын хана босгох ажилд санхүүжилт олгохыг шаардаж байгаа байр сууриасаа ухрах бодолгүй байна.
Гэтэл ирэх оны эхнээс Конгрессийн доод танхим Төлөөлөгчдийн танхимд олонх болж ажиллах ардчилсан намынхан төдийгүй Дональд Трампын өөрийнх нь багтдаг Бүгд найрамдах намынхны зүгээс ч бас хана босгоход шаардагдаж буй 5 тэрбум долларыг батлахгүй гэдэг дээр хатуу зогсож байна.
Ерөнхийлөгчийг шүүмжлэгчид түүнийг улстөрийн ашиг хонжоо гаргах зорилгоор цагаачлалын асуудлыг хөөрөгдөж байна гэж буруутган, хана барихаас өөр аргаар хилийн хамгаалалтаа чангатгах аргууд бий гэж нотолж байгаа юм.
| Хана барих ажлыг санхүүжүүлэх эсэх асуудлаас болж АНУ-ын төсөв батлах ажил гацаад байна | ||
| Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.