Шууд Chart

Монгол Улс, БНАСАУ-ын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов

2019-04-19 17:32:26

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2019 оны дөрөвдүгээр сарын 18-19-ний өдрүүдэд БНАСАУ-д айлчлав.

Айлчлалын хүрээнд Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн СХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны орлогч дарга, Олон Улсын хэлтсийн дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, АДХ-ын Гадаад харилцааны хорооны дарга Ри Сү Ён, Гадаад хэргийн сайд Ри Ён Хо нарт тус тус бараалхаж, Гадаад хэргийн дэд сайд Ри Гил Сөн-тэй Монгол, БНАСАУ-ын ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалт хийлээ.

Албан ёсны уулзалт, яриа хэлэлцээний үеэр талууд Монгол, БНАСАУ-ын уламжлалт найрсаг харилцаа хоёр улсын ард түмний чин сэтгэлийн хүсэл эрмэлзэл, найрамдал нөхөрлөлд тулгуурлан он цагийн сорилт, шалгууруудыг амжилттай даван туулж өнөөгийн түвшинд хүрснийг тэмдэглэв. Түүнчлэн харилцаа хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх талаар болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.

ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын үеэр БНАСАУ-тай хөгжүүлж буй уламжлалт, найрсаг харилцааг цаашид тогтвортой хөгжүүлэхийн төлөө байгааг илэрхийлж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлыг энх тайван, яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх байр суурийг тууштай баримталж байгааг нотлов. Мөн ЗХА-ийн энх тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор энэ оны 6 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын VI бага хуралд БНАСАУ-ын төлөөлөгчдийг оролцохыг урив.

Уулзалт, яриа хэлэлцээ найрсаг, ажил хэрэгч, харилцан ойлголцсон дотно уур амьсгалд боллоо. 


Монгол Улс, БНАСАУ-ын ГХЯ хоорондын ээлжит зөвлөлдөх уулзалт болов   
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй