Шууд Chart

Трампын Туркээс буцсан нислэгийн нууц ажиллагаа ил болжээ

2026-08-11 11:57:32

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг өнгөрсөн долдугаар сард Туркт болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас буцах үед нь Ираны зүгээс учирч болзошгүй аюулаас сэргийлэн нууцаар өөр онгоцоор гаргасан талаар шинэ мэдээлэл ил болжээ. Уг ажиллагаа долдугаар сарын 8-нд болсон бөгөөд тухайн үед олон нийтэд мэдээлээгүй юм.

“Вашингтон Пост”-ын мэдээлснээр, АНУ-ын холбогдох албаныхан Трамп болон түүний онгоц халдлагын бай болж болзошгүй гэсэн тагнуулын мэдээлэл авсны дараа буцах нислэгийн төлөвлөгөөг өөрчилжээ. Үүний тулд Трампыг ердийнхөөрөө Ерөнхийлөгчийн онгоцоор буцаж байгаа мэт харагдуулах нууц ажиллагаа зохион байгуулсан аж.

Трамп эхлээд олны нүдэн дээр Ерөнхийлөгчийн онгоцонд суусан боловч удалгүй түүнийг нууцаар буулгаж, нисэх буудлын үйлчилгээний автомашин ашиглан өөр онгоц руу шилжүүлжээ. Дараа нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний жижиг оврын С-32А онгоцоор Их Британи дахь Милденхоллын цэргийн бааз руу ниссэн байна.

Ажиллагааг маш нууц зохион байгуулсан тул Трамптай хамт буцаж явна гэж бодож байсан сэтгүүлчид болон Цагаан ордны зарим ажилтан Ерөнхийлөгч өөр онгоцоор ниссэнийг тухайн үед мэдээгүй аж. Трамп Милденхоллын баазад хүрснийхээ дараа Ерөнхийлөгчийн онгоцонд шилжин сууж, АНУ руу нислэгээ үргэлжлүүлжээ.

Энэ үйл явдал тухайн үед АНУ, Ираны хооронд хурцадмал байдал үргэлжилж, АНУ Иранд цэргийн ажиллагаа явуулж байсан үетэй давхацсан юм. Цагаан ордны зүгээс Ерөнхийлөгчид чиглэсэн аюул заналхийллийг харгалзан түүний аюулгүй байдлыг хангах шаардлагатай бүх арга хэмжээг авдаг гэж тайлбарлажээ.

Уг нууц ажиллагааны талаар наймдугаар сарын 10-нд “Вашингтон Пост” дэлгэрэнгүй мэдээлсний дараа олон нийтэд ил болсон бөгөөд Ассошиэйтед Пресс энэ талаар өнөөдөр мэдээлсэн байна.


Трампын Туркээс буцсан нислэгийн нууц ажиллагаа ил болжээ  
Үзсэн: 77 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй