Шууд Chart

ОХУ: Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх санал хураалт ирэх сард явагдана

2020-03-19 09:20:42

ОХУ-д үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой бүх нийтийн санал асуулгыг дөрөвдүгээр сарын 22-нд зохион явуулахаар тов гаргаад байна. Ерөнхийлөгч Владимир Путин санал асуулгыг  ирэх сарын сүүлээр явуулах зарлигт гарын үсэг зураад байгаа юм. Гэхдээ ОХУ- дахь коронавирусний тархалтын нөхцөл байдлыг ажиглана гэдгээ тус улсын удирдагчид онцолжээ.

Оросын Үндсэн хуулийн өөрчлөлт холбоотой бүх нийтийн санал асуулгыг дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулахаар ийнхүү тогтоогоод байгаа  хэдий ч шинэ  коронавирусний тархалтын нөхцөл байдлыг мөн ажиглана гэдгийг Оросын ерөнхийлөгч Владимир Путин онцолсон байна. Тэрээр ОХУ дахь коронавирусний тархалт  цаашид нэмэгдэж, нөхцөл байдал хүндрэхгүй тохиолдолд л үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой санал асуулгыг дээрх товлосон өдөрт зохион байгуулахыг нэмж хэлжээ. Иргэдийн амь нас, эрүүл мэндийн  аюулгүй байдлыг хангах нь  нэн тэргүүнд анхаарч үзэх ёстой асуудал гэдгийг хэлсэн юм.

Санал асуулгын хуудсан дээр "Та Оросын Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байна уу" гэсэн асуулт байх юм. Энэ удаагийн буюу  ирэх сарын 22-нд зохион байгуулагдах товтой байгаа  санал асуулгаар иргэд үндсэн хуулийн өөрчлөлтийн зүйл заалт тус бүрээр нь бус харин энэхүү өөрчлөлтийг бүхэлд нь дэмжиж байгаа эсэхээ л  илэрхийлэх юм. 1993 оны  санал асуулга мөн л ийм маягаар зохион байгуулагдаж байсан юм.

Өөр нэгэн сонирхолтой мэдээлэл нь энэ удаагийн үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх санал хураалт явуулах өдөр Оросын хувьсгалч, коммунист улс төрч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот улсын анхны тэргүүн Владимир Лениний төрсөн өдөртэй давхцаж байгаа явдал юм. Владимир Ленин 1870 оны дөрөвдүгээр сарын 22-нд мэндэлж байсан, түүний мэндэлсний 150 жилийн ойн 2020 оны дөрөвдүгээр сарын 22-нд  тохиох юм. Сонирхуулахад ОХУ-д нийт 114 хүн коронавирусний халдварыг аваад байгаагийн 50 гаруй тохиолдол нь нийслэл Москва хотод бүртгэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ: Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх санал хураалт ирэх сард явагдана  
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй