Шууд Chart

Хятад Улс АНУ-ын сурвалжлагчдыг нутаг буцахыг шаардаж байна

2020-03-19 09:39:12

АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны дайн намжих төлөвтэй байгаа. Харин хэвлэлийн салбар Бээжин, Вашингтоны хоорондох сөргөлдөөний шинэ талбар болж хувирлаа. Хятад Улс Америкийн сэтгүүлч, сурвалжлагчдыг эх орноосоо гаргах арга хэмжээг авч эхлээд байна.

Хятадын Гадаад Хэргийн яамнаас тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа  Америкийн "New York Times",  "Washington Post" болон "The Wall Street Journal3 гэсэн гурван ч хэвлэлийн байгууллагын  сэтгүүлчдээс сурвалжлах эрхийн бичгээ 10 хоногийн дотор хураалгахыг шаардсан байна. Харин АНУ-ын Төрийн бичгийн дарга Майк Помпео  энэ үйл явдлыг тун таагүй гэж нэрлээд, Бээжинг шийдвэрээ эргэн харахыг уриаллаа.

Тэрбээр, "Чөлөөтэй хэвлэн нийтлэх дэлхий дахины боломж, чадавхыг хумиж байгаа Хятадын өнөөдрийн шийдвэрт  би харуусаж байна. Илэн далангүй хэлэхэд, чөлөөтэй хэвлэн нийтлэх нь олон улсын хэмжээнд аюулт өвчний томоохон сорилттой тулгараад байгаа энэ цаг үед Хятадын ард түмэнд ч тун их  ашигтай тусыг  өгөх байсан, хаана мэдээлэл чөлөөтэй, ил тод байна тэнд иргэдийн амь  насыг хамгаална." гэсэн байна.

АНУ шинэ коронавирус дэлхий дахинд аюул заналхийлэл учруулж байгаа энэ цаг үед Бээжин ийм шийдвэр гаргасанд харуусч буйгаа ийнхүү илэрхийлжээ. Хятадын Гадаад Хэргийн Яамнаас  АНУ-ын хэвлэлийн байгууллагын ажилчдыг  үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг мөн өгөхийг шаарджээ. Үүнээс гадна Америкийн хэвлэлийн байгууллагын төлөөлөгчдийг Хятадын тусгай захиргааны бүс болох Хонгконг болон Макаод ажиллахыг хориглох  алхмыг Бээжин авчээ.

Хятад Улс гадаадын орны сэтгүүлч, сурвалжлагчдад 12 сарын хүчинтэй хугацаатай визийг олгодог. Өөрөөр хэлбэл, Хятад Улсад удаан хугацаанд ажиллах гаднын орны хэвлэлийн төлөөлөгчид жил тутам визээ сунгуулах ёстой болдог байна. Сонирхуулахад, өнгөрсөн сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Америк дахь Хятадын сурвалжлагч, сэтгүүлчдийн үйл ажиллагааг хумих арга хэмжээг авсан юм.

Вашингтоны зүгээс Америкт үйл ажиллагаа явуулдаг Хятадын таван ч хэвлэлийн байгууллагыг нийт ажилчдынхаа тоог 160-аас 100 болгон бууруулах шаардлагыг тавьсан. Хятадын Синхау агентлагийн Америкт дахь салбар ч гэсэн дээрх шаардлагыг биелүүлэх ёстой болсон юм. Үүнээс гадна Америк дахь Хятадын хэвлэлийн байгууллагууд шинэ оффис түрээслэх, худалдан авах болон ажилчдынхаа тоонд өөрчлөлт оруулах тохиолдолд Вашингтоноос заавал зөвшөөрөл  авна заалтыг гаргаад байгаа юм. Ийнхүү Вашингтоны гуравдугаар сарын 13-нд гаргасан шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээг Бээжин аваад байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Хятад Улс АНУ-ын сурвалжлагчдыг нутаг буцахыг шаардаж байна   
Үзсэн: 567 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй