Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд коронавирусний вакцинжуулалт эхлүүлэх гэж яарахгүй байна. Энэ нь бүс нутгийн орнуудын эдийн засгийн чадамж, дэд бүтцийн хөгжил болон тухайн улс орнуудын бодлого зэрэг олон шалтгаантай юм байна.
Одоогоор энэ бүс нутгийн улс орнуудаас Сингапур улс л "Пфайзер Бионтех"-ийн вакциныг нийтэд хэрэглэхээр түргэвчилсэн горимоор зөвшөөрөл олгожээ.
Сингапур улс өнөөдөр эмч, эмнэлгийн ажилтнуудаа вакцинд хамруулж эхлэх гэж байна. Харин Япон, Энэтхэг, Филиппин зэрэг орнууд ирэх оны эхний хагаст вакцинжуулах хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байна.
"Пфайзер Бионтех", "Модерна" зэрэг компаниудын вакцинууд эмнэлзүйн сүүлийн шатны туршилтууд нь өндөр үр дүнтэй гарч байгааг баталснаар тэдгээр вакциныг АНУ, Британи, Канад, Европын холбооны орнуудад хийгээд эхэлсэн.
Япон улсын хувьд ирэх оны хоёрдугаар сарын сүүлээс нааш вакцинжуулах хөтөлбөр эхлүүлэхгүй бололтой байна. Учир нь тус улсын Эм вакцины агентлаг түрүүлж гарч байгаа вакцинуудын олон улс дахь туршилтын үр дүнд найдахгүйгээр өөрсдөө дотооддоо туршиж судалсан судалгаандаа үндэслэх нь чухал гэж үзэж байна.
Азид "Ковид-19" цар тахалд 35 хүнээ алдсан, цар тахалтай хамгийн амжилттай тэмцэж байгаа орнуудын нэг Вьетнам улс коронавирусний халдварыг хяналтдаа авахад гол анхаарлаа хандуулж, Орос, Британийн вакциныг хэрэглэхээр төлөвлөж байна.
Одоо Британийн Оксфордын их сургууль "Астра Зенека" компани, Хятадын "Синовак" компанийн вакцинууд эцсийн шатны туршилт нь дуусах дөхөж, зах зээлд хүлээлттэй байна.
Улс орнууд эдгээр коронавирусний вакциныг авч хэрэглэхэд тухайн үйлдвэрлэгчидтэй гэрээ хэлэлцээр хийх замаар, эсвэл ДЭМБ-ын дэргэдэх "КОВАКС" хөтөлбөрийн шугамаар авах сонголт нээлттэй байна.
Бүх улс оронд вакциныг тэгш хүртээх зорилгоор ДЭМБ болон бусад байгууллагууд "КОВАКС" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хэдий ч Ази, Номхон далайн доогуур орлоготой зарим улс орон вакцины хүртээмжээс хоцрох вий гэсэн болгоомжлол бий болсон. Тухайлбал, Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Лаос, Камбож зэрэг улс орон вакцин авах зардал, вакциныг хадгалах, тээвэрлэх гээд олон талын хүндрэлтэй тулгарч буй юм байна.
| Ази, Номхон далайн орнууд коронавирусний вакцинжуулалт эхлүүлэх гэж яарахгүй байгаа нь олон шалтгаантай | ||
| Үзсэн: 906 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.