УИХ-ын чуулганы 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулсан.
Улсын дээд шүүхийн шүүгчид Дэмбэрэлийн Батбаатар, Нямдоогийн Баярмаа нар нэр дэвшсэн байна. Дэмбэрэлийн Батбаатар нь Улаанбаатар хотод төрсөн, 45 настай. Нийслэлийн 78 дугаар сургууль, “Их Засаг” дээд сургууль төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, бакалавр, “Их Засаг” олон улсын сургуульд хууль зүйн магистрын зэрэг хамгаалжээ. Нэр дэвшигч “Хүчит шонхор” ХХК-д байцаагч, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга, Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчээр ажилласан ба 2011 оноос хойш одоог хүртэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаа аж. Төрийн албанд 22 жил, шүүгчээр 17 жил ажиллажээ.
Нямдоогийн Баярмаа нь 1978 онд Хэнтий аймагт төрсөн, 44 настай. Хэнтий аймагт бүрэн дунд сургууль, Монгол Улсын Их Сургууль төгссөн. Монгол Улсын Их Сургууль, Япон Улсын Кюшүгийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, Япон Улсын Нагояагийн их сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна. Эрх зүйч мэргэжилтэй. Тэрбээр “Отгонтэнгэр” их сургуульд багш, Улсын Их Хурлын Тамгын газарт хуулийн зөвлөх, Хууль зүйн яаманд ахлах мэргэжилтэн, “MDS” ХХК-д хуульч, өмгөөлөгч, Хөгжлийн банкинд хуулийн зөвлөх, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч, 2016 оноос хойш Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж буй бөгөөд төрийн албанд 13 жил 4 сар, шүүгчээр 7 жил ажиллаж байгаа аж.
Дэмбэрэлийн Батбаатар, Нямдоогийн Баярмаа нар нь хууль зүйн боловсролтой байх, гучин таван нас хүрсэн, Монгол Улсын иргэн байх, шүүгчид нэр дэвших үед яллагдагчаар татагдаагүй байх, шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй болохыг тогтоосон эрх бүхий эмнэлгийн мэргэшсэн эмчийн магадлагаатай байх, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх, мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан байх зэрэг хуульд заасан шалгуур хангасан байдлыг танилцуулгадаа дурдсан. Мөн сонгон шалгаруулалтад тэнцсэн байдлын талаар, хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт болон мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтад хамгийн өндөр оноо авч, эхний байранд эрэмбэлэгдсэнийг танилцуулав.
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт уншиж дуулгасан.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасан журмын дагуу Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12 дугаар тогтоолоор Улсын дээд шүүхийн нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсголын товыг тогтоож, сонсголыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Байнгын, дэд хорооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй нь оролцсоноор тухайн сонсголыг хүчинтэйд тооцно.” гэж заасан бөгөөд нэр дэвшигчийн сонсголд Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Д.Ганбат, Ц.Мөнхцэцэг, Ц.Сэргэлэн, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, Б.Энхбаяр нар оролцож хуульд заасан шаардлагыг хангасан гэлээ.
Нэр дэвшигчийн сонсголын зарыг 18 хоногийн турш олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй хүргэж, сонсголыг олон нийтэд парламентын цахим хуудсаар шууд дамжуулсан бөгөөд цахимаар 90 хүн үзэж сонирхон байр сууриа илэрхийлж, сонсгол 2 цаг 30 минут үргэлжилсэн хэмээсэн юм.
Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам танилцуулсан бол нэр дэвшигчидтэй хийсэн сонсголын тайланг Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулж, дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг нэр дэвшигчдээс урьд өмнө нөлөөллийн мэдүүлэг бөглөж байсан эсэх болон шүүгчийн хараат бус байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар асуулт асууж, хариулт авчээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын танилцуулга, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн байнгын хорооны даргаас асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
| Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийг танилцуулав | ||
| Үзсэн: 752 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.