Нийслэл Улаанбаатар хотын авто тээврийн ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг нь сайжруулах, авто зөрчлийг арилгах зорилгоор хотын хэмжээнд олон бүтээлч ажлыг эхлүүлэн нэвтрүүлээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл энэ сарын 1-ээс эхлэн хяналтын камерын орчинд зөрчил гаргасан тээврийн хэрэгсэлд гэрийн хаягаар нь торгуулийн хуудсыг шуудангаар хүргэх ажил амжилттай хэрэгжиж, үр дүнгээ өгч буйг албаны хүмүүс мэдэгдсэн юм.
Үүнтэй төстэй гэмээр, бас санаа авмаар ажил, дэвшилтэд технологийг БНСУ-ын “Зам, Тээврийн яам”-ны зүгээс нийслэл Сөүл хотноо нэвтрүүлээд байна. Энэ нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг агаараас “Агаарын бөмбөлөг”-өөр камераар хянах үйл ажиллагаа юм.
Сүүлийн жилүүдэд Сөүл хотын замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж буйдаа холбогдуулан тус агаарын бөмбөлөгийг долоодугаар сарын 25-аас анх ашиглаж эхэлжээ.
Энэхүү агаарын бөмбөлөг нь нэг удаадаа агаарт хоёр цагаар ажиллан, бууж цэнэгээ авдаг, урт нь 12 метр, өөрийн жин нь 50 кг, 80 км цаг хүртэл хурдлах чадвартайгаас гадна агаарт 360 градус эргэх бололцоотой, 30-50 метрийн өндрөөс 500 метр доторх зайд явж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, зөрчлийг тээврийн хэрэгслийн улсын дугаарын хамт илрүүлэх давуу талтайгаар зохион бүтээгджээ.
Агаарын бөмбөлөгийг өмнөд Солонгосын “Юкон Систем” компанид бүтээсэн ба анх өнгөрсөн Их хурлын сонгуулиар сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцуулах компанид ажлын үеэр амжилттай ашиглаж байжээ.
Тиймээс Сөүлийн Замын цагдаа нар агаарын бөмбөлөгийн тусламжтайгаар илрүүлсэн тээврийн хэрэгслийн зөрчлийн торгуулийн хуудсыг шуудангаар эрчимтэй явуулж эхэлсэн байна.
Цаашдаа агаарын бөмбөлөгийг авто замын хөдөлгөөнийг хянах ажилд өргөнөөр ашиглах, нэвтрүүлэх шаардлага зүй ёсоор бий болж байгааг Солонгосын Зам, Тээврийн яамны албаны хүмүүс олон нийтэд мэдээллээ.
Түүнчлэн энэхүү агаарын бөмбөлөгийг Улаанбаатар хотын ачаалал ихтэй болон хяналтын камер хүрэхгүй байгаа газарт өргөнөөр ашиглах юм бол ихээхэн үр дүнтэй ажил болох юм. Учир нь энэхүү агаарын бөмбөлөгийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийн зөрчил буураад зогсохгүй, автозамын хөдөлгөөний соёл эрс сайжрах сайн талтай билээ.







| Замын хөдөлгөөнийг хянахад агаарын бөмбөлөгийг ашиглаж эхэллээ | ||
| Үзсэн: 2022 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.