Өнөөдөр явагдсан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гарлаа. Одоогийн байдлаар Бүгд найрмадах намаас нэр дэвшигч Дональд Трамп ялалт байгуулахад шаардлагатай 270 саналаас илүү буюу 276 санал авч ялалт байгууллаа.
Энэ нь нийт санал хураалтын дүнгийн 48 хувь юм байна. Түүний өрсөлдөгч Хиллари Клинтон 218 санал авсан дүнтэй удаалсан байна.
АНУ-ын шинэ ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Жон Трамп
- 1946.07.14-нд АНУ-ын Нью-Йорк хотод төрсөн.
- Үл хөдлөх хөрөнгийн магнат. Дэлхийн 324 дахь тэрбумтан, АНУ-ын 133 дахь тэрбумтан
- Нийт хөрөнгийн хэмжээ 9 тэрбум америк доллар
- Телевизийн реалити шоуны од
- 2000 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч
Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Дональд Жон Трамп нь 1946 оны 07-р сарын 14-нд Нью-Йорк хотноо мэндэлсэн. Түүнийг 13 нас хүрэхэд эцэг нь Нью-Йоркийн цэргийн академид суралцуулахаар илгээсэн нь түүний ирээдүйг зөв замд залах хамгийн зөв үйлдэл байсан юм. Үл хөдлөх хөрөнгийн Вартоны их сургуульд элсэн 1968 онд их сургуулиа эдийн засагч мэргэжлээр дүүргэжээ. 1971 оноос Трамп аавынхаа компанийг удирдаж эхлэв.
Удирдаж эхэлсэн цагаасаа компанийнхаа нэрийг сольж Трамп Организейшн болгон өөрчилсөн байдаг. Энэ цагаас эхлэн түүний үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн магнат болох эхлэх тавигдсан гэж хэлж болно. Энэ цагаас хойш тэрээр хэд хэдэн казино, гольфийин сургалтууд, зочид буудал зэрэг олон үл хөдлөх хөрөнгө байгуулсны ихэнх нь түүний нэрээр нэрлэгдсэн түүхтэй. Форбс сэтгүүлийн 2016 оны гаргасан судалгаагаар Трампийн хөрөнгийг 9 тэрбум америк доллар гэж тодорхолсон байна. Ийнхүү тэрээр дэлхийн 324 дахь тэрбумтан, АНУ-ын 133 дахь тэрбумтнаар тодроод байгаа юм. Дональд Трамп бол телевизийн реалити шоуны од.
Тэрээр АНУ-ын NBC телевизийн Apprentice буюу Дагалдан нэртэй реалити шоуны шилдэг оролцогч. Олон хүн түүнийг 2016 онд анх удаагаа Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хэмээн эндүүрдэг. Үнэндээ анх 2000 онд Рефорн намаас нэр дэвшигчдийн жагсаалтад багтан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан боловч сонгуулийн сунгааны дундаас нэрээ татан авч сонгуулийг орхисон байдаг. Үүний дараа 2012 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж байсан хэдий ч хэсэг хугацааны дараа мөн л нэрээ татсан юм. Харин энэ удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд тэрээр Бүгд найрамдах намаас нэр дэвшин өрсөлдөж байгаа билээ.
Түүний мөрийн хөтөлбөрт тусгагдсан гол асуудлуудын нэг бол цагаачлалын бодлогыг шинэчилж, цагаач иргэдийн тоог хумих явдал юм. Мөн террорист бүлэглэл тэр дундаа Исламын улс бүлэглэл, Аль Кайда зэрэг алан хядах бүлэглүүдийн эсрэг хатуу аргаар тэмцэнэ гэдгээ мэдэгдээд байгаа. Бүгд найрамдах нам татварыг багасгана гэсэн амлалт өгдөг ч тус намаас нэр дэвшигч Трамт уг бодлогыг сөрж, татварыг нэмэгдүүлнэ гэж мэдэгдээд байгаа.

| Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа | ||
| Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.