Куба улсын удирдагч асан, Коммунист хөдөлгөөний эцэг гэгдэгч Фидель Кастро 90 насандаа таалал төгссөн талаар Куба улсын засгийн газрын телевиз өнөөдөр албан ёсоор мэдээллээ.
Кубын домогт удирдагч Фидель Кастро 2008 онд өөрийн дүү болох Раул Кастрод засгийн эрхийг шилжүүлэх хүртэл тус улсыг хагас зууны турш удирдсан нэгэн юм. Кубын хувьсгалын удирдагч, Ерөнхий командлагч асан Фидель Кастро нь 1926 онд Кубын Орьенте мужид төржээ. Кастро чинээлэг гэр бүлд төрж өссөн бөгөөд хуульчийн мэргэжлээр суралцжээ. Хаваны Их сургуульд суралцаж байхаасаа л Кубын улс төрийн тавцанд танигдаж эхэлсэн байна. Кастрог улс төрд хөл тавих үед Америкийн Нэгдсэн Улсын улс төрийг дэмжигч Фульхенсио Батист төрийн эрхийг гартаа авч улс оронд нь харгис дэглэм ноёрхож байв. Харгис дэглэмийн эсрэг Кастро тэмцэл өрнүүлэхэд хязгаарлагдмал байлаа. 1953 оны Монкада хуаран руу дайралт бүтэлгүйтэж түүний дараахан баригдаж шүүхээр яллагдсан ч чөлөөлөгдсөн юм. Тэр Мексикт очин Батистын засгийн газрыг түлхэн унагаж Кубыг эзлэн авахын төлөө тэмцэгчдийн хамт бэлтгэж байгаад 1956 оны арванхоёрдугаар сард Кубад ирэн тэмцлээ эхлүүлжээ.
1959 оны нэгдүгээр сарын 1-нд Кубад хувьсгал ялж, Кубын дарангуйлагч Фульхенсио Батистаг огцруулан засгийн эрхийг булаан авчээ. Удалгүй Кастро БНКУ-ын ерөнхий сайд болсон ажээ. Тэр 1965 онд Кубын Коммунист намын анхны нь ерөнхий нарийн бичгийн дарга болж Кубыг нэг намын тогтолцоот социалист төрийн статустай болгон өөрчлөв. 1976 онд Төрийн зөвлөл, Сайд нарын Зөвлөлийн тэргүүнээр томилогджээ. Түүнчлэн тэрбээр Кубын Хувьсгалт армийн тэргүүн захирагчийн албыг хашиж байв.
Нарийн гэдэсний хагалгааны хагалгаа хийлгэх үедээ урьд нь мэдэгдээгүй дуншиж байсан хоол боловсруулах эрхтний өвчнийг илрүүлэн эрчимт эмчилгээ хийлгэх шаардлага байсан тул өөрийн дүү, анхны дэд ерөнхийлөгч Раул Кастродоо 2006 оны долоодугаар сарын 31-нд Кастро албаа шилжүүлжээ. Кастрогийн биеийн байдлаас шалтгаалж улс орны тэргүүнээр цаашид ажиллах боломжгүй болсон тул бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгосоноос хойш тав хоногийн дараа буюу 2008 оны хоёрдугаар сарын 24-нд Раул Кастро Үндэсний Ассемблейд сонгогдсоноор Кубын ерөнхийлөгчөөр томилогдсон байна.
Фидель Кастро өнгөрсөн наймдугаар сарын 13-нд нас сүүдэр 90 хүрсэн бөгөөд түүнд зориулан 90 метрийн урттай навчин тамхи бүтээж байв. Гэхдээ Фидель Кастро эрүүл мэндийн шалтгаанаас болоод 30-аад жилийн өмнөөс тамхиа орхисон аж.







| Фидель Кастро 90 насандаа таалал төгслөө | ||
| Үзсэн: 1021 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.