Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод өчигдөр орой болсон жагсаалд нийт 1,3 сая хүн оролцсоныг зохион байгуулагчид нь мэдэгдлээ. Жагсагчид Ерөнхийлөгч Пак Гын Хэгээс албан тушаалаасаа огцрохыг ийнхүү дахин шаардацгаасан байна.
Эсэргүүцлийн энэ жагсаалд олон нийтийн болон үйлдвэрчний эвлэлийн, сөрөг хүчний намууд төдийгүй оюутны хөдөлгөөнийхөн гээд 1500 гаруй байгууллагын гишүүд дэмжигчид оролцжээ. Жагсагчид Сөүл хотын төв Кванхвамун талбайд цуглацгааж Ерөнхийлөгчийн Хөх ордны зүгт алхацгаасан байна. эсэргүүцлийн энэ жагсаалд олон хүн оролцсон ч тайван болсон аж.
Мөн цагдаагийн нийт 25 мянган ажилтан эсэргүүцлийн жагсаалын үеэр харуул хамгаалалтад гарсан байна. Энэ нь Ерөнхийлөгч Пак Гын Хэ найз Чой Сун Силийг тойрсон шуугианд холбогдсоноос хойш болж байгаа 5 дахь томоохон жагсаал юм. Өмнөд Солонгосын прокурорынхон өнгөрсөн 20 ны өдөр мөрдөн шалган ажиллагааныхаа урьдчилсан дүнг танилцуулсан. Энд Ерөнхийлөгчийн найз Чой Сун Сил болоод Ерөнхийлөгчийн тамгын газрын 2 ажилтанд авилга хээл хахууль авсан, албан тушаалаасаа урвуулан ашигласан хэргээр ял тодорхойлсныг тэмдэглэсэн байсан юм.

Тэднийг Өмнөд Солонгосын томоохон 50 компаниас хууль бусаар Чой Сун Силийн хоёр ч санд хандив нэрээр мөнгө авсан хэмээн буруутгаж байгаа юм. Мөн мөрдөгчид Ерөнхийлөгч Пак Гын Хэг найз болоод ажилтнуудынхаа энэ үйлдлийн талаар мэдэж байсан төдийгүй өөрөө ч гар бие оролцсон гэж сэжиглэж байгаа билээ. Өнгөрч буй 7 хоногт прокурорынхон Ерөнхийлөгч Пак Гын Хэгээс мэдүүлэг авахаар төлөвлөж байсан ч өмгөөлөгч нь ийм санаатайгаар зохиосон гэмт хэрэгт холбож гутааж доромжилсон учир мөрдөгчидтэй хамтран ажиллахгүй хэмээн мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын үндсэн хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэж байгаа Ерөнхийлөгчийн эсрэг эх орноосоо урвасан гэх үндэслэлээс бусад тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжгүй байдаг юм. Гэвч Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн ард иргэдийн дундах нэр хүнд унасаар байна. Сүүлийн судалгаагаар түүнийг буруугүй гэж үзэж дэмжиж байгаагаа санал асуулгад оролцогчдын 4 хувь л илэрхийлсэн байна.

| Сөүлд болсон жагсаалд 1,3 сая хүн оролцжээ | ||
| Үзсэн: 2676 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.