Женев хотноо НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг Зэвсэг хураах бага хурлын энэ оны чуулганы өндөр түвшний хуралдаанд оролцож, үйл ажиллагаатай нь танилцав. Уг хуралдаанаас ЗХБХ-ын Ажлын хөтөлбөрийг хэлэлцэх зорилго бүхий Албан бус ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргав.
ЗХБХ нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зэвсэг хураах асуудлаархи 1978 оны анхны тусгай чуулганы үр дүнд 1979 онд байгуулагдсан, зэвсэг хураах олон талт гэрээ, хэлэлцээрийг хэлэлцэн тохирох эрх бүхий олон улсын хамтын нийгэмлэгийн цорын ганц индэр юм. ЗХБХ өнгөрсөн хугацаанд Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ, Биологийн зэвсгийг хориглох конвенц, Химийн зэвсгийг хориглох конвенц, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээ зэрэг олон улсын нэн чухал баримт бичгүүдийг хэлэлцэн тохирчээ. Эдүгээ 65 гишүүнтэй бөгөөд Монгол Улс тус байгууллагын идэвхтэй гишүүний хувьд зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх үйл явцад хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Монгол Улс ирэх 2015 оны эхээр ЗХБХ-ыг ээлж ёсоор даргалах бэлтгэл ажлын хүрээнд дэд сайд Д.Ганхуяг тус бага хурлын чуулганы ажиллагаатай ийнхүү танилцлаа.
| Зэвсэг хураах өндөр түвшний хуралд оролцлоо | ||
| Үзсэн: 738 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.