Шууд Chart

Турк хүүхдүүдэд Чингис хааны тухай номыг үнэгүй тараажээ

2014-03-05 10:15:10

Бүгд Найрамдах Турк улсын Кайсери хотод суугаа Монгол Улсын Өргөмжит консул, ноён Хасан Хаскараманы санаачилгаар зохиолч Рыфат Сэртоглугийн бичсэн “Чингис хааны Монгол” ном турк хэл дээр хэвлэгдэн гарлаа.

Уг номыг дунд сургуулийн хүүхдүүдэд зориулж товч, энгийн хэллэгээр бичсэн бөгөөд Чингис хааны бага болон залуу насны амьдрал, тархай бутархай олон аймгийг нэгтгэн Их Монгол Улсыг байгуулан хаан ширээнд суусан түүх, түүний байлдан дагуулалт, цэргийн зохион байгуулалт, хүчин чадлын тухай өгүүлжээ. Мөн өнөөгийн Монгол Улс, нийслэл Улаанбаатар хотын эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын хөгжлийн талаар товч мэдээллүүдийг багтаасан байна.
Номд Чингис хаан, түүний цэрэг дайчид, зэр зэвсэг, агт морьд болон Монголын ахуй, соёл, байгалийг харуулсан 50 орчим зураасан зураг оруулсан нь уншигчдын сонирхлыг татахуйц болжээ.
Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг тохиолдуулан гаргасан энэ ном Туркийн хүүхэд багачууд, сурагчдад Монголын түүх, соёл, өнөөгийн хөгжил дэвшлийг сурталчлан таниулах зорилготой юм. Уг номыг эхний ээлжинд 2000 ширхэг хэвлүүлэн дунд сургуулиудад үнэгүй тараажээ. Номыг Өргөмжит консул Хасан Хаскараман ивээн тэтгэж хэвлүүлжээ.

Турк хүүхдүүдэд Чингис хааны тухай номыг үнэгүй тараажээ   
Үзсэн: 1036 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй