Женев хотноо болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дугаар чуулганд оролцож буй Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг энэ сарын 4-нд зохиогдсон “Чөлөөтэй, аюулгүй интернетийг бүгдэд” сэдвээрх тусгай хуралдаанд оролцов.
Тусгай хуралдааныг манай улс Эстон, Тунис, Мексик болон “Интернет нийгэмлэг” олон улсын ТББ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд зорилго нь интернет дэх эрх чөлөөг хангах, энэ хүрээнд тулгарч буй асуудлуудаар туршлага, санал бодлоо солилцох мөн “Онлайн эрх чөлөө” эвслийн үйл ажиллагааг танилцуулах явдал байв.
“Онлайн эрх чөлөө” эвсэл нь 2011 онд Гааг хотноо болсон Засгийн газар хоорондын олон улсын бага хурлын шийдвэрээр байгуулагдсан интернет дэх хүний эрх, эрх чөлөөг хангах, энэ эрхийг хязгаарлахад чиглэсэн аливаа алхмаас сэргийлэх үйл хэрэгт гишүүн улс орнуудын хүч чармайлтыг нэгтгэж, уг асуудалд олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг хандуулах зорилготой санаачилга юм.
Дэд сайд Д.Ганхуяг хуралдаанд хэлсэн үгэндээ интернет дэх хүний эрх, эрх чөлөөний асуудлаарх Монгол Улсын байр суурь, мөн “Онлайн эрх чөлөө” Эвслийн үйл ажиллагаан дахь оролцоогоо идэвхжүүлэх чиглэлээр хийж буй алхмыг танилцуулав. Тухайлбал, уг эвслийг 2014 оноос даргалах саналыг манай тал судлаж буйг дурдаад, албан ёсны шийдвэр гармагц эвслийн гишүүн орнуудад мэдэгдэхээ илэрхийлэв.
Интернет бол хүний эрх, эрх чөлөө ялангуяа үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангах томоохон талбар төдийгүй, хүний хөгжлийг дэмжих, ардчилсан нийгмийг цогцлоох замаар бусад олон эрхийг хангахад чухал үүрэгтэй учраас хүн бүрийг интернет ашиглах, интернет дэх мэдээллийг ямар нэг саадгүйгээр хүртэх боломжоор хангах нь чухал юм. Чингэхдээ интернетийн аюулгүй байдлыг хангах, мөн хүмүүст үзэл бодлоо илэрхийлэх эрхээ бүрэн, хариуцлагатай эдлэхэд шаардлагатай мэдлэгийг олгоход Засгийн газар, олон улсын хамтын нийгэмлэг анхаарах нь зүйтэй болохыг дэд сайд хэлсэн үгэндээ онцлов.
| Монгол Улсын онлайн эрх чөлөөг танилцууллаа | ||
| Үзсэн: 898 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.