Женев хотноо энэ сарын 3-26-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 25 дугаар чуулганы үеэр Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар хатагтай Нави Пиллайтай уулзлаа.
Дэд сайд манай улс ХЭЗ-ийн 2016-2018 оны бүрэн эрхийн хугацаанд гишүүнээр сонгогдохоор нэрээ дэвшүүлсэн бөгөөд дэлхий дахинаа хүний эрх, эрх зүйт төр, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд Монгол Улсын Засгийн газраас өөрийн хувь нэмрээ оруулж, НҮБ болон хамтын байгууллагуудтай хамтран ажиллах эрмэлзэлтэй байгааг онцлолоо.
НҮБ-ын ХЭЗ-ийн энэ удаагийн чуулганы үеэр манай улсаас бусад бүс нутгийн төлөөлөл болох Франц, Коста Рика, Бенин, Молдав зэрэг оронтой хамтран зохион байгуулж буй “Цаазаар авах ялыг халах, цаазаар авах ялын гүйцэтгэлд моратариум зарлах асуудлаар өндөр түвшний хэлэлцүүлэг”-ийг дэмжиж оролцсон явдалд дээд комиссарт талархал илэрхийлэв.
Түүнчлэн дэд сайд Монгол Улсын Засгийн газраас Хүний эрхийн дээд комиссарын газрын үйл ажиллагааг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулах үүднээс сайн дурын санхүүгийн хандив өгөхөөр шийдвэрлэснийг уламжлав.
Хатагтай Нави Пиллай Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд онцгой анхаарч, ардчиллыг бэхжүүлэх, дэлгэрүүлэх талаар бүс нутгийн улс орнуудад үлгэр жишээ үзүүлж байгааг онцлон тэмдэглээд цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
| Хүний эрхийн дээд комиссарын үйл ажиллагаанд хандив өгнө | ||
| Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.