"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Коронавирусний тархалттай холбоотой муу мэдээнээс гадна, сургамж авч хэрэгжүүлэхээр таатай сайн мэдээнүүд ирж байна. Тухайлбал Хятадад бүх нийтийн хөл хориог нэг шийдвэрээр эхлүүлсэн ч, нэг шийдвэрээр цуцлаагүй байна. Хятадад маш нарийн дэс дараалалтайгаар алгуур, хэсэгчилсэн байдлаар дэглэмийг сулруулж байна. Эхний ээлжинд улсын төсвийг бүрдүүлэгч томоохон ААН-үүдээ цувралаар, үе шаттайгаар үйл ажиллагааг нь сэргээлээ. Бүтэн нэг сарын турш үргэлжилсэн энэ ажил жигдэрч, ихэнх том үйлдвэрүүд хэвийн ажиллаж эхэлжээ.
Дараа нь улирлын онцлогоос шалтгаалан ХАА, тариалангийн салбартаа хүч нэмсэн байна. Эхэндээ хүнсний дэлгүүр, хүргэлт хоёроос бусад үйлчилгээний салбарууд бүгд зогссон байлаа. Тушаал зааврын дагуу гэртээ байсан хүмүүсийг эхний ээлжинд хотхон дотор нь чөлөөтэй болгож, дараа нь хороолол дотроо гэхчилэн тэлсээр саяхнаас гадагш гаргадаг боллоо. Үүнтэй зэрэгцээд хүмүүсийн амралт, чөлөөлт цагаа өнгөрүүлдэг цэцэрлэгт хүрээлэнгүүдийн хэвийн ажиллагааг хангаж байна. Гэхдээ хүрээлэнгүүд дэх олон хүн нэг дор цугларах боломжтой хүүхдийн автомат тоглоом, спортын тусгай талбайнуудыг нээсэнгүй. Харин явган хүний, дугуйн зам, зориулалтын талбайнуудыг нээжээ.
Төрийн үйлчилгээ доголдолгүй үргэлжилж байгаа ч төрийн байгууллагуудын ажил эхлээгүй, жижүүрлэх маягаар ээлжлэн ажилласаар байна. ЖДҮ зогссон ч төрөөс нөхөн олговор олгож байна. Их хотуудад цэцэрлэг, сургуулиуд эхлээгүй, харин зах зайдуу жижиг хотууд болон ӨМӨЗО-ы ахлах ангийн сурагчдын хичээлийг эхлүүлж, бусдыг нь онлайнаар үргэлжлүүлж байна. Хятадад өвчин, халдвар харьцангуй хумигдаж бүрэн хяналтад орсон ч гаднаас халдвар орж ирж байгаа тохиолдол нэмэгдэж байна./2020.03.24/
| Хятадад хэсэгчилсэн байдлаар дэглэмийг сулруулж байна | ||
| Үзсэн: 861 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.