Шууд Chart

Зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож, бичилт хийнэ

2020-03-31 11:32:53

"Цагийн хүрд" мэдээллийн хөтөлбөр: Засгийн газар иргэд, ААН-ээ дэмжсэн чиглэлд үндсэн 7 арга хэмжээ авч ажиллахаар болсон гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлсэн. Тухайлбал 4 дүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл ААН-үүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж, мөн 6 сарын турш иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй бүрэн чөлөөлөхөөр болсон. Иргэдийн нийгмийн даатгалын дэвтэрт 6 сарын хугацааны бичилт хийхүү гэх мэт олон асуулт гарч ирж байгаа учраас бид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас тодруулга авлаа.

Тэрбээр "Засгийн газрын шийдвэр гарч ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг тэглэж байгаа учраас ажилтныг 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг төлснөөр тооцож бичилт хийх арга хэмжээ авна. Учир нь ажилтан тэтгэвэрт гарахад 6 сар нь шимтгэл төлөөгүй тасарснаар ажилтны нийгмийн хамгааллыг дордуулж болохгүй гэсэн байр суурьтай байна" гэв.

Түүнчлэн "Засгийн газраас шийдвэр гараад ажил олгогчдыг дэмжиж, ажилтны болоод ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сарын хугацаатай чөлөөлж байгаа учраас ажил олгогчид энэ хугацаанд ажлын байрыг цомхотгохгүй, ажилтныг ажлаас нь чөлөөлөхгүй байх, цалинг нь бууруулахгүй байх, ажлын байрыг хадгалах үүргийг Засгийн газрын өмнө хүлээх ёстой гэсэн байр суурьтай байна" гэлээ. 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг "Хувиараа хөдөлмөр эрхэлж буй 250 орчим мянган иргэн улсын хэмжээнд байдаг. Хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг 6 сарын хугацаанд чөлөөлөх асуудал яригдаж Засгийн газрын дэмжлэгийг авсан. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл 6 сар чөлөөлөгдөнө. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг дордуулахгүй байх үүднээс 6 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ" гэдгийг тодотголоо. 

Мөн тэрбээр "Хувийн хэвшлийн ажил олгогчдод учирч буй хүндрэл, бэрхшээлийг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтийг зөвхөн хувийн хэвшлийн ажил олгогчдод олгох нь зүйтэй гэж үзсэн. Ялангуяа төсвийн байгууллагын ажилтны хувьд Засгийн газар өөрөө ажил олгогч. Тиймээс Засгийн газар төсвийн байгууллагуудын санхүүжилтийг хэвийн, хүндрэлгүйгээр, ажлын байрны цомхотгол хийхгүйгээр, цалинг нь бууруулахгүйгээр явуулах боломж байна гэж үзсэн учраас төсвийн байгууллагуудын ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэлийг чөлөөлөх асуудал яригдахгүй" гэсэн юм. 

Түүнчлэн төрийн болоод төрийн өмчит байгууллагуудын нийгмийн даатгалын шимтгэлийг энэ 6 сарын хугацаанд чөлөөлөх арга хэмжээнд оруулахгүй юм байна. Энэ нь үндсэн төрийн өмчит байгууллагууд өөрсдөө Засгийн газрын дэмжлэг авч ажиллаж байгаа байгууллага учраас үйл ажиллагааг хэвийн явуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ хэвийн төлөөд явах нөхцөл боломж байгаа гэж үзжээ. 

Харин хувь хүний орлогын албан татварыг 6 сарын хугацаатай чөлөөлөх асуудал яригдсан. Энэ асуудалд хувийн хэвшил, төрийн болон төрийн өмчит байгууллагууд, төсвийн байгууллагуудын ажиллагсад 100 хувь хамарна гэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэллээ. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Зургаан сарын хугацаанд иргэдийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөнд тооцож, бичилт хийнэ  
Үзсэн: 52362 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй