Шууд Chart

Энэ өдөр дэлхийн түүхэнд...

2025-01-20 07:58:09

Нэгдүгээр сарын 20 нь Григорийн тооллын жилийн 20 дахь өдөр. Энэ өдрийг эртний одон орончид Матрын ордоос Бумбын ордонд шилжих өдөр хэмээн үздэг. Мөн АНУ-д дөрвөн жил тутамд энэ өдөр АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхэм тангараг өргөдөг уламжлалтай. Уншигч та бүхэнд нэгдүгээр сарын 20-ны энэ өдөр дэлхийн түүхэнд болсон зарим сонирхолтой үйл явдлын хураангуйг хүргэж байна.

1265 онд: Вестминстер ордонд Английн парламент анхны хуралдаанаа хийв. Тухайн үед үүнийг парламент гэж нэрлэдэггүй байсан бөгөөд өөрийн гэсэн дэг жаяг ч гэж байгаагүй аж.


1567 онд: Португалийн генерал Эстасио де Сагаар удирдуулсан Португалийн арми Рио де Жанейрог Францаас чөлөөлж өөрийн мэдэлд авав.


1649 онд: Английн хаан I Чарльзийг улс орныхоо төлөө тэрсэлсэн хэргийг хэлэлцэх шүүх ажиллагаа эхлэв. Шүүх ажиллагаа эхэлснээс 10 өдрийн дараа түүнийг цаазалсан юм.


1783 онд: Их Британи Франц болон Испани улстай энхийн гэрээ байгуулснаар АНУ дахь Хувьсгалын дайн эцэслэв.


1887 онд: АНУ-ын Сенатын танхим Хавай дахь "Сувдан эрэг"-т тэнгисийн цэргийн бааз байгуулах шийдвэр гаргажээ.


1921 онд: Турк улсын анхны үндсэн хууль батлагдав. Уг хуулиар Туркийг тусгаар улс болохыг тунхагласан байдаг.


1929 онд: Гадна орчинд зураг авсан анхны бүрэн хэмжээний кино болох "In Old Arizona" дэлгэцэнд гарчээ.


1937 онд: АНУ-ын Үндсэн хуулийн 20 дахь нэмэлт өөрчлөлтөөр 1-р сарын 20-ны өдөр шинээр сонгогдсон ерөнхийлөгч тангараг өргөдөг байхаар хуульчилжээ. АНУ-ын 34 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дуайт Д.Айзенхауэр тангарагаа өргөж, энэ өдөр тангараг өргөсөн анхны ерөнхийлөгч болсон юм.


1948 онд: Энэтхэг, Пакистанд үүссэн газар нутгийн маргаантай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тусгай хурал зарлан хуралдуулжээ.


1949 онд: АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Харри С.Труман "Дөрвөн талт бодлого"-оо танилцуулав. Уг бодлогын хүрээнд АНУ ядуу буурай орнуудад эдийн засгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр багтсан юм.


1972 онд: Пакистан улс цөмийн хөтөлбөр боловсруулж эхэлснээ зарлав. Үүнээс хэдхэн долоо хоногийн дараа Бангладешийн чөлөөлөх дайнд Энэтхэгийн эсрэг оролцож, ялалт байгуулсан билээ.


1981 онд: АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган тангараг өргөснөөс хэдхэн минутын дараа Иран улс Америкийн 52 иргэнийг суллажээ.


1990 онд: ЗХУ-ын Улаан армийн удирдлага Азербайжаны нийслэл Баку хотод болсон эсэргүүцлийн жагсаалыг хүч хэрэглэн тараах шийдвэр гаргав. Ингэснээр ЗХУ даяар эсэргүүцлийн бослого тэмцэл гарах болсон билээ.


1991 онд: Африкийн Судан улс "Исламын хууль"-ийг эх орондоо мөрдүүлэх шийдвэр гаргав. Үүний дараа тус улсын өмнөд хэсэгт байх Христийн шүтлэгтнүүд, хойд хэсэгт байх Исламын шашинтнуудын хооронд иргэний дайн үүссэн юм.


2018 онд: Афганистаны нийслэл Кабул хотын "Интер-Континентал" зочид буудалд зэвсэгтэй таван этгээд халдаж, цагдаа нартай 12 цаг сөргөлдсөний эцэст 40 хүн амиа алдан, олон тооны хүн шархаджээ.


Энэ өдөр дэлхийн түүхэнд...  
Үзсэн: 298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй