Шууд Chart

Авлигын эсрэг тэмцэгчийг хөнөөсөн этгээдүүдэд ял ногдуулав

2015-02-09 13:41:44

Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсаас эрдэс баялаг хууль бусаар хил давуулан оруулж ирж байгааг илрүүлэхээр ажиллаж байсан авлигын эсрэг тэмцэгч Густав Маконенийг хөнөөсөн Руанда Улсын цагдаагийн хоёр ажилтанд саяхан 20 хүртэлх жилийн хорих ял ногдууллаа. 

Транспарэнси Интернэшнл байгууллагын ажилтан Густав Маконений цогцсыг 2013 оны долоодугаар сард ашигт малтмалын нөөц ихтэй, хилийн хууль бус худалдаа цэцэглэсэн Конго Улстай залгаа хилийн ойролцоо бүс Рубаву орчмоос олсон юм. Шүүхээс гэмт этгээдүүд болох Исаак Ндабаринз, Нелсон Иякареми нарыг уг хэрэгт буруутай хэмээн үзэж, дээрх шийтгэлийг ногдуулжээ.

Хэргийг мөрдөн шалгах явцад хэргээ хүлээснийг үндэслэн тэдэнд бүх насаар нь хорих ял ногдуулалгүй 20 хүртэлх жилийн ялыг ногдуулсан аж.  Гэвч “Транспарэнси Интернэшнл Руанда” хэмээх байгууллага энэхүү шийтгэлийг хэтэрхий хөнгөн байна гэж үзэж байгаа юм. Тус байгууллагын Гүйцэтгэх захирал Мупигани Апполинайр Ройтерс агентлагт ярилцлага өгөхдөө “Бид энэ шүүх хурлын явцыг анхааралтай ажигласан. Энэ аллага бол хэн нэгний захиалгатай байсан хэмээн гэмт хэрэгтнүүд хэлсэн. Бид Руандагийн эрүүгийн хуулийн дагуу хамгийн хүнд шийтгэлийг тэдэнд ногдуулахыг хүсч байсан” гэжээ. Мөн тэрээр хэлэхдээ, "Холбогдох дүрэм журмыг бүрэн судалсныхаа дараа хэргийг давж заалдах талаар шийдвэр гаргах болно" хэмээн мэдэгджээ.

Конго Улсын зүүн хэсэг бол цагаан тугалга, гянт болд болон тантал зэрэг эрдэс баялгаар арвин бөгөөд хэдэн арван жилийн турш армийнхан болон босогчдын тулалдааны талбар болоод байгаа тус бүс нутагт Конго улсын Засгийн газраас бүрэн хяналт тавьж чадахгүй байсан юм. Үүнээс үүдэн тус бүс нутагт хилээр хууль бусаар бараа тээвэрлэх явдал ихээхэн газар авсан үзэгдэл болоод байна.

Эх сурвалж: reuters.com


Авлигын эсрэг тэмцэгчийг хөнөөсөн этгээдүүдэд ял ногдуулав  
Үзсэн: 850 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй