Шууд Chart

Төрийн эргэлт хийхийг оролдсон 120 гаруй хүнийг баривчилжээ

2016-07-16 11:14:29

Өнөөдөр өглөө Туркийн нийслэл Анкара хотын парламентын ордон руу байлдааны нисдэг тэрэг хоёр пуужин харваснаар тус улсад цэргийнхэн төрийн эргэлт хийх гэсэн оролдлого эхэлсэн байна.

Парламентын ордонд болсон пуужингийн 12 хүн хүнд хөнгөн шархаджээ. Босогчид юуны түрүүнд хэвлэл мэдээллийн Турксат, Дагон агентлагийг барьцаалж авахыг оролдож, амжилтад хүрчээ.

Улс төрийн эргэлт хийх оролдлогыг хуурай замын цэргийн зарим анги нэгтгэлүүд болон тэнгисийн цэргийн хүчин дэмжсэн хэдий ч тусгай хүчний командлагч Зекай Аксакалли “Туркийн цэргийн болон цагдаагийн тусгай хүчнийхэн эх орон, ард түмэн, төр засгийнхаа талд эцсээ хүртэл зогсох болно” гэдгээ мэдэгдлээ.

Мөн эргэлтэд оролцож байсан 3-р армийн командлагч өөрийн цэргүүдээ анги байрлал дээрээ яаралтай ирэхийг тушаажээ. Ингэснээр төрийн эргэлт хийхээр төлөвлөж байсан цэргийн эрх мэдэлтнүүдийн дунд илэрхий хагарал мэдэгдэж, төрийн эргэлт хийх оролдлого сарниж эхэлсэн байна.

Гэхдээ босогчид болон Засгийн газрын цэргийн хүчнийхний хооронд үүссэн зэвсэгт мөргөлдөөн зогсоогүйгээс гадна одоогоор зургаан хүн хүнд, хөнгөн шархдаад байгаа талаар мэдээлэл байгаа юм. Цэргийнхэн улс орон даяар онц байдал зарлаж, хөл хорио зарлаад байна.

Туркийн Засгийн газар энэ цэргийн эргэлтийн ард “Хизмет” бүлэглэл байгаа гэдэгт итгэлтэй байгаа ч тус бүлэглэлийнхэн энэ асуудалд огт оролцоогүй гэдгээ албан ёсоор зарлажээ. Туркийн Ерөнхий сайд Бинали Илдирим төрийн эргэлт хийх гэсэн оролдлого гарсан гэдгийг албан ёсоор мэдэгдэж, Станбулын Ататуркийн нэрэмжит олон улсын нисэх буудлыг хаасан байна.

 Бидэнд байгаа сүүлийн мэдээллээр бол тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайп Эрдоган Истанбул хотын нисэх онгоцны буудал байгаа бололтой. Түүнийг тэнд маш олон дэмжигчид нь хүлээн авсан байна. Туркийн хэвлэл мэдээллийн албаны мэдээлж байгаагаар төрийн эргэлт хийхийг оролдсон 120 гаруй хүн баривчлагджээ. Одоо Истанбул, Анкара, Сахья зэрэг хэд хэдэн хотуудад зэвсэгт мөргөлдөөн үргэлжилж байна.

Манай оронд АСЕМ-ын хуралд оролцож байгаа Европын холбооны гишүүн орнуудын удирдагчид болон Европын холбооны тэргүүлэгчид Туркийн сонгуулиар сонгогдсон төр засгийг дэмжинэ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Турктэй хиллэдэг улс орнуудын ихэнх нь хилээ хааж, хамгаалалтаа эрс чангалжээ.

О.Хатанбаатар


Төрийн эргэлт хийхийг оролдсон 120 гаруй хүнийг баривчилжээ  
Үзсэн: 2616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй