Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газраас АНУ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн сантай хамтран “Эмэгтэй таны хөгжил” III чуулга уулзалтад АНУ дахь монгол сургуулиудын олон багш, удирдлагууд хүрэлцэн ирсэн таатай боломжийг ашиглан уулзалт зохион байгууллаа. Уулзалтад АНУ-ын Сан франциско, Оакланд, Денвер, Чикаго, Лос Анжелес, Вашингтон ДС зэрэг хотуудад үйл ажиллагаа явуулдаг монгол сургуулийн төлөөлөл оролцон тухайн сургуулиудын үйл ажиллагаа, сургалтад тулгарч буй шийдвэрлэх асуудлууд, шийдэл, төрийн зүгээс авах дэмжлэгийн талаар санал солилцов.
АНУ дахь монгол сургуулиуд Засгийн газраас хэрэгжүүлж буй "Зөв монгол хүүхэд", "Ном", "Авьяас" зэрэг боловсролын хөтөлбөрүүдэд эдгээр сургуулиудыг хамруулах, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай цагаан толгой, сурах бичгүүдийг хүүхдүүдийн онцлогт тохируулан боловсруулж хэвлүүлэх, бусад ном, сурах бичиг авах, багш нарын заах арга зүйг дээшлүүлэх, энэ чиглэлийн гарын авлага авах, сургалтын байр, багшлах боловсон хүчинд санхүүгийн дэмжлэг туслалцаа авах, дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд сурагчид олгогддог хувьсах зардлыг авах зэрэг тодорхой хүсэлтүүдийг БШУЯ-нд нэгдсэн журмаар тавихаар тогтсон юм.
Консулын газраас БШУЯ-тай хамтран энэ сарын 9-ний өдөр хийсэн видео хурлын үеэр сургуулиудын төлөөлөл эдгээр хүсэлтээ тус яамны холбогдох газрын удирдлага, асуудал хариуцсан ажилтнуудад тавьж, тодорхой хариу авав. БШУЯ-наас гадаадад буй иргэдийн хүүхдүүдэд монгол хэл, соёлыг сургах чиглэлээр явуулж буй сургалтын үйл ажиллагааг дэмжин тодорхой ажлууд хийхээр төлөвлөж буйгаа танилцуулан, салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хийгдэж буй хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийн төслүүдэд гадаадад буй хүүхдүүдийн сургалтын асуудлаар саналаа өгөхийг сургуулиудаас хүсч, сургуулиудын зүгээс АНУ-д буй хүүхдүүдийн онцлогт тохирсон цагаан толгой, сурах бичгийг боловсруулж бэлтгэсэн тохиолдолд хэвлэн өгөх, бусад ном сурах, бичгээр бололцооны хүрээнд хангах бололцоотойгоо мэдэгдэв.
Эдгээр уулзалтын мөрөөр АНУ дахь монгол сургуулиудын төлөөллөөс бүрдсэн зөвлөл байгуулж, тухайн зөвлөл нь цагаан толгой, сурах бичгийг боловсруулах, хууль тогтоомж, бодлогын баримт бичгүүдийн төслүүдэд саналаа өгөх, АНУ-д буй сургуулийн насны хүүхдүүд болон багшлах боловсон хүчний судалгааг гаргах зэрэг тодорхой ажлуудыг гүйцэтгэн, БШУЯ-тай шууд харилцаж байхаар тогтов.
| Гадаадад амьдарч буй хүүхдүүдийг сурах бичгээр хангана | ||
| Үзсэн: 950 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.