Шууд Chart

"Ковид-19" цар тахлын дэгдэлт саараагүй ч зарим улс орон хөл хориог сулруулах төлөвтэй байна

2020-04-27 14:12:48

Өнгөрч байгаа 7 хоногт "ковид-19" цар тахлын дэгдэлт ерөнхий үзүүлэлтээрээ саарсангүй нэмэгдлээ. Олон улсын хамтын нийгэмлэгийн түвшинд цар тахлын вакцин, эм гаргах судалгааг эрчимжүүлэх, эдийн засгийг хамгаалах, хямралаас сэргийлэх чиглэлүүдэд илүү анхаарч байна. Дэлхийн хамгийн том эдийн засаг АНУ цар тахалтай тэмцэхийн зэрэгцээ эдийн засгаа хамгаалах бодлого хэрэгжүүлж эхэлж байна. ДЭМБ ч цар тахлыг богино хугацаанд дарахын тулд эм, вакцин гаргаж авах судалгааг эрчимжүүлэх, ингэхийн тулд улс орнууд энэ чиглэлийн судалгаанд хөрөнгө санхүү зарцуулах асуудал ч яригдаж байна.

Өнөөдөр дэлхийн 210 гаруй улс орон газар нутагт нийт 2,9 сая гаруй хүн "ковид-19"-ийн халдвар авч, 203 мянга гаруй хүн цар тахлаар нас барсан мэдээтэй байна. Гэхдээ 837 мянга гаруй хүн цар тахлын эсрэг эмчилгээ хийлгэж, эдгэрсэн байна. Хэдийгээр цар тахлын дэгдэлт дэлхийн түвшинд буураагүй байгаа ч гэсэн зарим улс орнууд тахлын дэгдэлтийн оргил үе өнгөрөх төлөвтэй гэж дүгнээд, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийнхээ аж байдалтай холбогдуулж, цар тахлын үед тогтоосон хөл хорио, хязгаарлалтын горим журмаа сулруулах алхмуудыг хийж эхэлж байна.

Харин зарим нь хөл хорио тогтоох, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах дүрэм журмаа чангатгах замаар цар тахалтай тэмцэж байна. Цар тахлын дэгдэлтээр АНУ хамгийн эхэнд байна. Тус улсад 960 гаруй мянган хүн халдвар авч, 54 мянга гаруй хүн нас барсан байна. Америкийн дараа Испани, Итали, Франц, Герман зэрэг Европын голдуу орнууд жагсаж, ОХУ-д цар тахлын дэгдэлт эрчимтэй нэмэгдэж эхний 10-д жагсаж байна.

ДЭМБ ЭМ, ВАКЦИН ГАРГАЖ АВАХ СУДАЛГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ САНААЧИЛГА ГАРГАЛАА 

ДЭМБ корона вирусний вакцин болон эм гарган авах ажлыг эрчимжүүлэх, олон улсын түвшинд жигд хувиарлах санаачилга гаргалаа. Уг санаачилгыг гишүүн улс орнуудын эрх баригчид бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

ДЭМБ-ын ерөнхий захирал Женев хотноо видео хурал хийж, уг хуралд Европын комиссын ерөнхийлөгч, Германы канцлер, Францын ерөнхийлөгч, Африкийн холбооны дарга нар нэгдэж, цар тахлыг богино хугацаанд дарах чиглэлд ДЭМБ-тай хамтын ажиллагаагаа уялдуулах нь зүйтэй гэсэн нэгдмэл байр суурь илэрхийллээ. Өнөөдрийн байдлаар олон улс оронд корона вирусний вакцин гаргаж авах, эм боловсруулах судалгааны ажлууд ид өрнөж, зарим улс оронд вакциныг амьтан болон хүний биед туршиж эхлээд байна. Мөн ДЭМБ улс орнуудад цар тахлаас сэргийлэх, хяналт тавихад нь зориулж олгохоор 150сая долларын хандив цуглуулсан байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Ковид-19" цар тахлын дэгдэлт саараагүй ч зарим улс орон хөл хориог сулруулах төлөвтэй байна  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй